А.Мягмар: “Номер нэгүүд хөх тэнгист дураараа сэлдэг”
2017-06-08 17:33:44.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Цахим сэтгүүл зүй хичээлийн хүрээнд “Содон шийдэл” компанийн захирал А.Мягмар зочин багшаар ажиллаж, Конрад-Аденауэр сангийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд курсын оюутнуудтай ярилцлаа. Тэрбээр цахим хуудас хэрхэн хийдэг, цахим хуудастай болохын тулд юуг зайлшгүй мэдэх, бэлтгэх шаардлагатайг хичээлээрээ танилцуулсан юм.

Интернэт хэрэглээ хөгжиж буй өнөө үед аливаа мэдээллийг түгээх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч хэн боловч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх нэг чухал хэрэгсэл нь цахим хуудас болсон. Үүнийг дагаад цахим хуудас хийх үйлчилгээ ч олширсон. Түүнчлэн, цахим хуудас хийхэд хамгийн их зардал, цаг хугацаа зарцуулдаг ажил нь дизайн зурах болон код бичих. Иймд, ямар бүтэц, загвар, төрөлтэй, хичнээн цэстэй цахим хуудас үүсгэхээ тодорхой болгох нь хамгийн чухал алхам гэлээ. Ялангуяа, мэдээллийн цахим хуудасны хувьд хямд зардлаар, богино хугацаанд бэлэн загвар ашиглаж хийлгэх нь зохимжгүй, энэ нь цаашид тухайн сайтыг өргөжүүлж, хөгжүүлэхэд хязгаарлагдмал болгодог гэдгийг онцоллоо.

“Монголын вэб сайтын хөгжил дэлхийн хөгжлийн хаана яваа вэ?” гэсэн оюутны асуултад тэрбээр “Вэб хийх чадварын хувьд дутуу биш, гол нь сайт бүтээгчид мэргэших боломж муу байдаг. Энэ нь нэг хүн олон хүний ажил, үүргийг хийдэгтэй холбоотой” гэв.

Эцэст нь “Содон шийдэл” компанийн захирал А.Мягмар хэлэхдээ: “Хөх тэнгисийн стратеги”-ээр амьдрах хэрэгтэй. Тодруулбал цоо шинэ тэнгист дураараа сэл. Номер нэгүүд л амьд гардаг” гэлээ.

Д.Хүрэлчимэг

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн