Хэвлэлийн эрх чөлөөт орон болохын тулд иргэний хуулиа өөрчлөх хэрэгтэй
2017-06-09 18:30:03.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан Конрад-Аденуар сангийн тэтгэлэгт сэтгүүл зүйн дээд курсийн оюутнуудад “Хэвлэлийн эрх чөлөө” сэдвээр лекц уншлаа.

Тэрбээр “Аль ч ардчилсан улсад тулгардаг хамгийн том сорилт нь хэвлэлийн эрх чөлөө болон үндсэн хуулиар хамгаалагдсан бусад үнэт зүйлсийн балансыг олж зохицуулах явдал” гээд Монголд энэ эрх чөлөө хангалттай баталгаажаагүйг болон үүнтэй холбоотой үндсэн хуулийн зохицуулалтын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

2016 онд “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол улс дэлхийн 180 орноос 69 дүгээр байранд жагсаж “Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд багтжээ. Мөн “Freedom House” байгууллагын судалгаагаар “хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон” гэсэн дүгнэлт гарсан байна.

Монгол орон яагаад хэвлэлийн хагас эрх чөлөөтэй байгааг доктор О.Мөнхсайхан тайлбарлахдаа “Хуулийн хэт ерөнхий заалтууд хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна. Тухайлбал, төрийн нууцын хүрээг хэтэрхий өргөн тогтоосон, хэвлэл мэдээллийн агуулгад тодорхойгүй хязгаарлалт тавьдаг, хэвлэл мэдээллийн эзэмшил, харьяалал ил тод биш, эх сурвалжийн нууцлал хуулиар хамгаалагдаагүй, мөн гүтгэх доромжлохыг гэмт хэрэгт тооцож торгох, баривчлах, хорих ялаар шийтгэдэг” зэргийг хэллээ.

Эдгээрийг нарийвчлан оновчтой зохицуулахгүй бол урвуулан ашиглах эрсдэл өндөртэй аж. Жишээ нь, өөрийн твитерт хэн нэгэн албан тушаалтныг мөнгө идсэн байж болзошгүй гэж таамаг дэвшүүлж бичсэн хүнийг гүтгэсэн хэргээр баривчилж, ялаар шийтгэсэн байдаг. Гүтгэх, доромжлохыг Эрүүгийн хууль төдийгүй Зөрчлийн хуулиас хасаж, зөвхөн Иргэний хуулиар зохицуулах шаардлагатай талаарх үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Түүнчлэн, сэтгүүлч ажил үүргийнхээ хүрээнд нийтийн ашгийн төлөө олсон мэдээллээ үнэн зөв болохыг нотолж чадахгүй бол Иргэний хуулиар хариуцлага хүлээдэг. Харин олон улсын туршлагаас үзэхэд үүнийг нотлох ёстой хүн нь сэтгүүлч бус тухайн мэдээлэлтэй холбоотой нэхэмжлэгч уг мэдээ мэдээлэл худал болохыг нотлох үүрэгтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч нийтийн эрх ашгийг хөндсөнөөр иргэний мэдэх эрхийг хангах үүргээ гүйцэтгэнэ. Харин төрийн өндөр албан тушаалтан, улс төрч зэрэг төрийн зүтгэлтэн үүнд гомдолтой байгаа бол уг мэдээллийг няцаах эрхтэй байдаг ажээ.

Д.Хүрэлчимэг

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн