Оюутнуудын үүсгэл санаачилгаар “Өөрсдөөсөө суралцъя” сэдэвт аян өрнөлөө
2017-06-23 20:53:04.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийн 22 дах удаагийн элсэлтийн оюутнууд өөр өөрийн ажил, мэргэжлийн туршлагатай бөгөөд Конрад-Аденауэр сангийн тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгарч суралцаж байгаа оролцогчид билээ. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, иргэний нийгмийн зэрэг олон салбарт ажилласан хүмүүс нэг ангид суралцаж байгаа учраас мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах зорилгоор “Өөрсдөөсөө суралцъя” аяныг санаачлан зохион байгууллаа.

Аяны хүрээнд оюутан бүр бусадтай хуваалцахыг хүссэн сэдвээр хорин минутын хугацаанд илтгэл тавьж, ярилцлага өрнүүллээ. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн аяны хүрээнд “Хиймэл оюун ухаан”, “Иргэний нийгэмд ажиллах шалтгаан”, “Хувь хүний манлайллын төлөвлөгөө”, “The Panic Monster, “Нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголт”, “PR – олон нийтийн харилцаа гэж юу вэ”, “Шашны тухай ярилцъя” зэрэг олон сонирхолтой сэдвээр мэдээлэл, илтгэл хэлэлцсэн юм.

“Салбар бүрд мэргэшсэн өөр өөрийн туршлагатай оюутнуудын бэлтгэсэн мэдлэг, мэдээллийг нэг зэрэг хүлээж авах нь маш сонирхолтой бөгөөд ач холбогдол өндөр байлаа” гэж оролцогчид дүгнэлээ. Түүнчлэн, сэтгүүл зүйн дээд курсийн сургалтын хөтөлбөрт ийм туршлага солилцох аяныг оруулах нь зүйтэй гэдгийг багш нар онцлон тэмдэглэж, аяныг санаачилсан оюутан Б.Энхжаргалд талархал илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 

Д.Хүрэлчимэг

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн