Улс төрийн сэтгүүлч хэрхэн ажиллах ёстой вэ?
2017-06-30 15:06:42.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

1992 оноос хойш манай оронд УИХ-ын зургаан удаагийн сонгууль болжээ. Энэ хугацаанд сонгуулийн ирц тогтмол буурч байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсныг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, сонгууль явуулах эрх зүйн орчин тогтворгүй, байнга өөрчлөгддөг, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бодит алхам хийдэггүй, улс төрийн намууд нэр дэвшигчид сурталчилгаандаа бохир технологи ашигладаг болсон учир иргэдийн итгэл алдардаг, оролцоо буурдаг зэргийг судалгааны дүнгээр нотолжээ. Энэ тухай яриагаар Конрад-Аденауэр сангийн тэтгэлэгт Сэтгүүл зүйн дээд курсын оюутнуудын улс төрийн сэтгүүлчтэй хийсэн уулзалт эхэлсэн юм.

“Сэтгүүлч бид улс төрийн мэдээллээр ард иргэдийг шуурхай хангах онцгой үүрэгтэй. Төр, засгийн үйл ажиллагааг сурвалжилна гэдэг эрх баригчдад хяналт тавьж буй хариуцлагатай ажил. Улстөрчдийн хэлсэн бүгдийг нийтэлдэг цагаан цаас нь сэтгүүл зүй биш” гэж улс төрийн сэтгүүлч Б.Түвшинтөгс уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр улс төрийн чиглэлээр бичих эрмэлзлэлтэй оюутнуудыг мэдрэмжтэй, хариуцлагатай байж, мэдээллээ олон эх сурвалжаар баталгаажуулж, боловсруулалт хийсний дараа олон нийтэд түгээж ажиллахыг зөвлөсөн юм. Сэтгүүлчид сонгуулийн үеэр илүү хянамгай ажиллаж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, амлалтыг анхааралтай нягталж, биелэлтэд нь хяналт тавих бололцоог иргэдэд олгох нь чухал болохыг онцоллоо.

Д.Хүрэлчимэг

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн