ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2017-09-04 16:48:57.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи болон “Монгол” телевиз хамтран “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг 2017 оны есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Монголд анх удаагаа болсон уг хурлын эхний өдөр гадаад, дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн экспертүүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад улс орны туршлагыг хэлэлцэж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй ярилцлаа. Түүнчлэн, зөөврийн мэдээллийн хэрэгсэл /утас, таблет/-ийг эрэн сурвалжилгад хэрхэн ашиглах, цахим орчин тэр дундаа “Google” операторын тусламжтайгаар мэдээллийг хэрхэн үр дүнтэй хайж олж авах арга зүйн мэдээлэл өгсөн.

Хурлын хоёр дахь өдөр Индонезийн төлөөлөгчийн “Нээлттэй мэдээллийн сан эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ямар үүрэгтэй вэ?” сэдэвт мэдээллийг хүлээн авч, “Нягтлан шалгах ажиллагаа болон эх сурвалжийг эрэн сурвалжлах тухай”, “Эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн санхүүжүүлэх тухай” арга туршлагаас суралцлаа. Мөн уул уурхай, хүний эрхийн асуудлыг эрэн сурвалжлахад тулгардаг бэрхшээл, анхаарах асуудлыг хэлэлцэж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй мөрдөн байцаах үйл ажиллагаанаас хэрхэн ялгардаг тухай ярилцав.

“Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хуралд Таамагт суурилсан судалгаа номын зохиогч АНУ-ын иргэн Марк Ли Хантер, ХБНГУ-ын сэтгүүл зүйн багш судлаач Маркус Линдеман, Дойче Велле Академийн төлөөлөл Эва Мель, Японы “Waseda Chronicle”-ийн эрхлэгч Хидиаки Кимура, Өмнөд Солонгосын “Newstapa” төвийн эрхлэгч Ёнг Жин Ким, Индонезийн “Open Data Lab” байгууллагын төлөөлөл Майкл Канарис, Интерньюс олон улсын байгууллагын хэвлэл мэдээллийн эксперт Хореа Салажан, Томсон Ройтерсын сурвалжлагч Терренс Эдвардс нар оролцож, Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүйн багш, судлаачид, иргэний нйгмийн төлөөлөлтэй харилцан туршлага солилцлоо.

Олон улсын хурлын үеэр Монголын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв түүний үндэс суурь болсон цахим хуудас нээлтийг хийж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн анхдугаар уралдааны шагналын эзэд тодорсон юм.

 

Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах суваг:

Лавлах утас: 350002, 8898-8045

www.pressinst.org.mn

FB page: https://www.facebook.com/PressInstituteMongolia/

Twitter: @Press_Institute

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн