Туршлага солилцох цаг энэ удаагийн зочин – Марк Ли Хантер
2017-09-07 11:14:57.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Таамагт суурилсан судалгаа номыг зохиогч Марк Ли Хантер сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлээр орлого олох боломжтой эсэх тухай асуултад хэд хэдэн арга байгааг дурдаад юуны түрүүнд зах зээлээ судлах, өөрийн гэсэн эрэн сурвалжлах бүтээлийн “брэнд”-ийг бий болгох, нэр хүндээ өсгөх, зөвхөн бүтээлээс гадна судалгаа хийх зэргээр орлогын олон төрлийн эх үүсвэртэй байхын чухлыг онцолсон юм. Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүлч өөрийнхөө бүтээлийг гарсны дараа тухайн хөндсөн асуудалд өөрчлөлт гарах хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй, гагцхүү нийтлэл нэвтрүүлэг чинь уншигч сонсогчдод хэрхэн хүрч нөлөөлж буй нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.

Марк Ли Хантер “Reader’s Digest”, “Le Figaro”, “Arte”, “New York Times” сэтгүүлд 200 гаруй эрэн сурвалжлах бүтээл нийтлүүлж байсан туршлагатай сэтгүүлч. Тухайлбал, АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүс нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа нь хууль, эрх зүйн өөрчлөлтөөс үүдсэн болохыг эрэн сурвалжилж бичсэн цуврал бүтээлээрээ “National Headliners”-ын “Clarion” шагнал хүртсэн байна.

Түүний эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулан бичсэн “Таамагт суурилсан судалгаа” гарын авлага нь ямар ч улсын үндэсний уламжлалт соёл, хэв шинжид нийцсэн сэтгүүл зүйн анхны бүтээлд тооцогддог. Мөн тэрбээр 2003 онд GIJN буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг үүсгэн байгуулалцсан байна.

Монголд 2015 оноос эхлэн Хэвлэлийн хүрээлэнгийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багш бэлтгэх хөтөлбөрт багшилсан бөгөөд энэ хугацаандаа Монголын сэтгүүлчидтэй ажиллаж, зөвлөгөө өгч байсан.

Дашрамд дурдахад түүний “Таамагт суурилсан судалгаа” номыг дараах холбоосоор цахим аудио хэлбэрээр сонсох боломжтой.

http://journalism-edu.mn/investigative/index.php?cmd=Content&menuid=11&id=46

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн