Онлайн курс: Сэтгүүлчдэд зориулсан англи хэлний сургалт тун удахгүй эхэлнэ
2017-09-08 14:28:25.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Та өөрийн англи хэлний хэрэглээний чадвараа шалгаж, англи хэл дээр мэдээ бичихэд шаардлагатай үгийн баялгаа сайжруулж, хэл найруулгын дүрмээс суралцмаар байна уу? Хэрэв тийм бол энэхүү сургалтыг Танд зориулж байна.

Энэхүү сургалтаар манай сургагч багш Таныг англи хэл дээр мэдээ бичих ур чадварт хөтлөн чиглүүлэх замаар хэлний мэдлэгийг Тань нэмэгдүүлэх болно. Оюутнууд сэтгүүл зүйн үндсэн зарчмуудаас суралцахын зэрэгцээ мэдээ бичих арга зүй болон мэргэжлийн сэтгүүлчийн ёс зүйн асуудлуудыг судалж, англи хэл дээр мэдээ бичиж дадлагажих замаар дүрэм, үгсийн сангаа сайжруулах болно.

Сургалтын таван долоо хоногийн үр дүнд Та англи хэл дээр хэрхэн/яаж мэдээ бичихийг сурах бөгөөд долоо хоног бүрийн төгсгөлд явуулах асуулт, хариултын тестээр Таны Англи хэлний төвшин хэр ахисныг бид шалгах болно.

Эдгээр тест нь Та англи хэлний үгийн баялгаа хэр нэмэгдүүлснийг болон хичээлээр танилцуулсан гол ойлголт, ухагдахууныг ойлгож авсан эсэхийг шалгах болно. Хичээлийн төгсгөлд Та англи хэл дээр сонин сэтгүүлд нийтлэхэд зориулсан мэдээг бичиж бэлтгэж бөгөөд мэргэжлийн багш нараас дүгнэлт, зөвлөмж авна.

Сургалтын тойм агуулгыг эндээс англи хэлээр хүлээн авч үзнэ үү. Хэрвээ Та энэхүү агуулгыг бүрэн ойлгож байвал сургалтад хамрагдах англи хэлний наад захын шаардлагыг хангаж байгааг илтгэнэ.

Энэхүү курс нь сэтгүүлч мэргэжилтэй болон сэтгүүл зүйд сонирхолтой, англи хэлний анхан шатнаас дунд төвшинрүү ахих хэмжээний мэдлэгтэй хүмүүст хэлний мэдлэгээ ашиглах, хөгжүүлэх боломжийг олгоход чиглэсэн болно.

Сургалт үнэ төлбөргүй, цахим хэлбэрээр явагдана. Гэхдээ нийт сургалтын үнэлгээнд 50-иас дээш хувийн амжилттай оролцсон оюутнууд хүсвэл 50,000 төгрөгийн хураамж төлснөөр албан ёсоор сургалтад хамрагдсан тухай гэрчилгээг захиалан авах боломжтой. Гэрчилгээ авах болзлыг хангаж, гэрчилгээ захиалахаар шийдсэн бол бидэнд institutepress@gmail.com хаягаар урьдчилан мэдэгдэж, э-мэйл бичнэ үү.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Энэхүү курс нь 2017 оны 10-р сарын 1-нээс эхэлнэ. Бүртгэл нь 9-р сарын сүүлийн долоо хоногт цахим хэлбэрээр явагдана. Сургалтын бүртгэлийг хийх цахим холбоос Хэвлэлийн хүрээлэнгийн цахим хуудас, FB хуудас, Twitter хаягт байрших тул Та бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бол манай сошиал хуудаснуудад LIKE дарж, FOLLOW хийж дагана уу. Хүний тоо хязгааргүй тул бусадтай хуваалцахаа бүү мартаарай.

 

Цахим хуудас: www.pressinst.org.mn

FB page: https://www.facebook.com/PressInstituteMongolia/

Twitter: @Press_Institute

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн