Сэтгүүлчид хохирогчийг буруутгахаас зайлсхийхэд суралцлаа
2017-09-25 15:19:14.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвийг ёс зүйтэй хөндөх нь” сургалтыг есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын үеэр хохирогчийг буруутгах хандлага гэж юу болох, түүний сөрөг үр дагаврууд ба урьдчилан сэргийлэх арга замын талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.

“Сэтгүүлчид болсон явдлын талаар хэт дэлгэрэнгүй бичсэнээр хохирогчийг буруутгах сэдэл төрүүлэх тохиолдол элбэг гардаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүний хувцаслалт, биеэ авч явах байдал, хувийн амьдрал зэргийг бичихээс зайлсхийх хэрэгтэй. Хүчирхийллийг гэмт хэрэг гэдэг талаас нь харж, гэмт хэрэг үйлдсэн хүн нь хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээх тухай олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн багш Д.Мөнхчимэг сануулав. Хохирогчийг буруутгах сэдэл төрүүлсэн сэтгүүл зүйн бодит жишээн дээр ажиллах замаар сургалтад оролцогчид энэхүү алдаанаас хэрхэн зайлсхийхэд суралцсан юм.

“Энэ сэдвээр бичихдээ сэтгүүлчид санамсаргүй байдлаар алдаа гаргах магадлал үнэхээр өндөр юм байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай мэдээлэхэд яагаад тусгай ур чадвар, мэдлэг шаардлагатай байдгийг ойлгож авлаа. Мөн цаашдаа ийм чиглэлээр бичихэд баримтлах ёс зүйн зарчмууд, арга замуудын талаар мэдэж авсандаа баяртай байна” хэмээн etpost.mn цахим хуудасны сэтгүүлч Э.Одсүрэн сэтгэгдлээ хуваалцав. Сургалтад нийт 18 сэтгүүлч оролцсон болно.

НҮБ-ын Түншлэл, харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Тим Женкинс “Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхэд баримтлах ёс зүйн голлох зарчмууд”-ыг сургалтын үеэр танилцуулсан. Эдгээр зарчмыг монгол хэл рүү хөрвүүлэн гарын авлага хэлбэрээр оролцогчдод тараажээ.

Үүний зэрэгцээ, Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвийг ёс зүйтэй хөндөх нь” сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны удирдамжийг сургалтад оролцогчдод танилцууллаа. Мөн BBC, “Aljazeera”, ABC, “Associated Press” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай сэтгүүлч Анналийс Маколифф туршлагаасаа хуваалцсан юм.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн