ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО
2017-09-25 16:21:01.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО

сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны удирдамж

 

Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл, мэдээллийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг Монголд анх удаа зарлаж байна.

Сэтгүүлчид болон нийтлэлчид жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-тэй холбоотой асуудлыг дэвшүүлсэн бүтээл (асуудал хөндсөн өгүүлэл, сурвалжилга, ярилцлага гэх мэт)-ээ уралдаанд сорихыг урьж байна.

Уралдааны зорилго:

  • Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог сайжруулах.
  • Жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдлын талаар мэдээлж, сурвалжлахдаа мэргэжлийн, сэтгүүл зүйн ёс зүйн зарчмуудыг баримтлахыг дэмжих (хувь хүний нууцыг хадгалах, эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирогчийг буруутгах хандлагаас зайлсхийх, хохирогч төвтэй арга барилаар ажиллах г.м.).
  • Гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан хүчирхийллийн холбоотой асуудлыг мэргэжлийн, ёс зүйтэй хөндсөн сэтгүүлчдийг урамшуулах.

Шаардлага:

  • Сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргахад шаардлагатай ёс зүйн зарчмуудыг баримтлах
  • Хохирогчийг буруутгах хандлага бий болгохуйц шүүмжлэлтэй үг хэллэгээс зайлсхийх
  • Тухайн асуудлыг сайн мэдэх жендэрийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх, зөвлөгөө авах
  • Сэтгүүл зүйн бүтээл нь шийдвэр гаргагчид болон олон нийтийн жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулахад нөлөөлөхүйц байх
  • Сэтгүүл зүйн бүтээл нь дараах сэдвийн хүрээнд (гэхдээ үүгээр хязгаарлахгүй) байж болно: Жендэрт суурилсан хүчирхийллийн ба гэр бүлийн хүчирхийллийн асуудал, жендэрийн хэвшмэл ойлголтууд ба тэдгээрийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд нөлөөлж буй байдал, жендэрийн үүргүүд ба тэдгээр нь жендэрт суурилсан хүчирхийллийн, гэр бүлийн хүчирхийлэлд хэрхэн нөлөөлж буй байдал г.м.
  • Сэтгүүл зүйн бүтээлийг 2017 оны есдүгээр сарын 22-ноос 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх
  • Сэтгүүл зүйн бүтээл нь төрөл зүйлийн хувьд асуудал хөндсөн өгүүлэл, ярилцлага, сурвалжилга байж болох бөгөөд текст, видео, аудио зэрэг ямар ч хэлбэрээр олон нийтэд хүргэсэн байж болно
  • Сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй
  • Жендэрийн мэдрэмжтэй сурвалжилж бичих ур чадвараа харуулсан байх

Шагналын сан:

  • Нэгдүгээр байр – өргөмжлөл, 1,200,000 төгрөг
  • Хоёрдугаар байр – өргөмжлөл, 600,000 төгрөг
  • Гуравдугаар байр – өргөмжлөл, 250,000 төгрөг

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг НҮБ-ын Хүн амын сангийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулна.

 

Уралдаанд бүтээлээ өгөхдөө:

Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүлийн дугаар, цахим хуудасны линкийн хамт А4-ийн хэмжээтэй бичгийн цаасанд таван хувь хэвлэж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг DVD-д таван хувь хуулж бэлтгэх. Мөн сэтгүүлчийн овог нэр, ажлын газар болон албан тушаал (чөлөөт сэтгүүлч байж болно), утасны дугаар, э-мэйл хаяг болон товч намтар (100 хүртэлх үгтэй) бүхий танилцуулгыг хавсаргасан байх.

Сэтгүүл зүйн бүтээл (хэвлэмэл, эсвэл DVD тус бүр таван хувь байх)-ийг өөрийн танилцуулгын хамт “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл, мэдээллийн оролцоо уралдаанд (сэтгүүлчийн овог нэр)” гэсэн хаягтай хавтсанд хийж нэгтгэх. Материалыг 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл Хэвлэлийн хүрээлэн (Улаанбаатар хот, 7 хороолол, Их тойруу-54)-гийн гурван давхарт, 311 тоотод (ажлын цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд) хүлээн авна.

Уралдаанд ирсэн бүтээлийг шүүх явц:

Шүүх бүрэлдэхүүн таван хүнтэй байх бөгөөд сэтгүүл зүйн хоёр мэргэжилтэн, жендэрийн хоёр мэргэжилтэн болон НҮБ-ын Хүн амын сангаас нэг мэргэжилтэн багтсан байна.

Сэтгүүл зүйн бүтээлийг дараах шалгуурын дагуу шүүнэ:

  • Үнэн зөв, бодитой байх: Таны бүтээл баримт нотолгоотой, мэдээллийг нягтлан шалгасан, үг хэллэгийн зөв сонголттой байх.
  • Шударга байх: Эх сурвалжуудтайгаа зүй зохистой, шударга байдлаар харьцах зарчмыг баримталсан байх.
  • Төвийг сахих: ЖСХ-ийн хохирогчийг буруутгах хандлагыг бий болгохуйц мэдээллийг дурдахаас, мөн ялгаварлан гадуурхах, зөв бурууг шүүж, шүүмжлэхээс зайлсхийсэн байх.
  • Мэдээлэх үүрэг: ЖСХ-ийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг олгох чиглэлд анхаарсан байх. 

Шагнал гардуулах ёслол 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд НҮБ-ын байранд болно.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Хэвлэлийн хүрээлэнгийн Д.Мөнхчимэгтэй munkhchimeg@pressinst.org.mn хаягаар, эсвэл 70113476 утсаар холбоо барина уу.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн