Биткоин, блокчэйн технологийн талаар олон талт хэлэлцүүлэг боллоо
2017-11-28 15:20:46.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Цахим мөнгө: Бид хаашаа явж байна?” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Биткоины ханш өсөж, 9766 ам.долларт хүрээд байгаа энэ үед уг криптовалютыг сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа. Криптовалютын зах зээлийг монголчуудад ойртуулсан “Ард” санхүүгийн нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Ганзориг, “Ард Бит”-ийн захирал Б.Золбоо нар биткоинд хөрөнгө оруулах боломж ба анхаарах шаардлагатай эрсдэлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд гүйлгээнд орсон криптовалютын тоо 1300-гаас давсан бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 308 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний талаас илүүг нь биткоин дангаараа бий болгож байгаа. Биткоины зах зээл цаашдаа 100 дахин тэлэх боломжтойг Ч.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр онцлов. Ийнхүү биткоин худалдаж авах сонирхолтой хүний тоо өсөхийн зэрэгцээ блокчэйн технологийг сонирхож, судалж байгаа томоохон банкууд, улс орнууд ч нэмэгдсээр байна.

Дэлхийн 90 гаруй төв банк блокчэйн технологийг судалж байгаа гэсэн мэдээлэл бий. Монголбанк ч мөн Ажлын хэсэг гаргаж, энэхүү технологийн давуу тал, ашиглах боломж ба эрсдэлүүдийг судалж эхэлсэн тухай Төвбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл мэдээлэв. Криптовалют нь цоо шинэ ойлголт учраас дэлхийн улс орнуудын олонх нь ажиглалтын байдалтай байгааг тэрбээр мөн онцлов. Харин Японд биткоиныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч, зохицуулж эхэлсэн бол Хятадад эсрэгээрээ, хориглосон байх жишээтэй. Тэгвэл ирэх оноос хэрэгжиж эхлэх Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгөний зохицуулалт багтаж байгаа. Энэ нь биткоин, этереум зэрэг олон улсын криптовалютыг зохицуулахгүй бөгөөд “нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна” зэрэг хатуу шаардлагатай болохыг Б.Түмэнцэнгэл тайлбарласан юм.

Блокчэйн технологийг ашиглан үндэсний крипто цахим мөнгө гаргах гэж байгаагаа “Эгэрэг” төслийн санаачлагч М.Хасчулуу танилцуулсан. Ингэснээр төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг илүү хямд, хялбар, хурдан бөгөөд хүртээмжтэй болох юм байна. “Манай технологийн туршилт үндсэндээ дууссан бөгөөд одоо зах зээлд нэвтрүүлэх ажлаа эхлүүлэхэд бэлтгэж байна” хэмээн М.Хасчулуу хэлээд, хуулийн дагуу нэг эгэрэг нэг төгрөгтэй тэнцүү байна гэлээ. Ингэснээр хэрэглэгч ханшийн эрсдэл хүлээхгүйгээр төлбөр тооцоогоо хийх боломжтойг тэрбээр онцлов.

Блокчэйн технологи нь цахим мөнгө төдийгүй бусад олон салбарт боломж нээж байгааг КМП компанийн үүсгэн байгууллагч, Математикийн xүрээлэнгийн судлаач, доктор Ц.Түвшинтөр санууллаа. Хамгийн гол нь, бид бие биеэ хүлээх биш, шинэ технологийг судалж, нэвтрүүлэх хэрэгтэйг тэрбээр тэмдэглэсэн юм.   

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн