Хил дамнасан эрэн сурвалжилга хийх нь сэтгүүлч бүрт нээлттэй
2017-12-12 19:07:55.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн туршлагаас хуваалцах” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр боллоо.
Уулзалтаар эрэн сурвалжлах сэтгүүлчид цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, PARADISE PAPERS буюу шинээр дэлгэгдсэн оффшор данс эзэмшигчдийн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, гар утас ашиглаж сурвалжилга хийх болон дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 10 дугаар их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа.
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчид хамтран ажиллаж эхэлсний тод илрэл бол оффшор данс эзэмшигчдийн мэдээллийг хуваалцсан үе билээ. “Панама пэйпэрс”, “Парадайз пэйпэрс” гэсэн нэртэйгээр дэлхийн оффшор данс эзэмшигчдийн мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас 2015 оноос ил болгосон. Энэ мэдээллийн мөрөөр дэлхийн сэтгүүлчид хэрхэн ашиглаж байгаа, бидэнд ямар боломж бий талаар Монгол ТВ-ийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва танилцууллаа.
Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Энхмарт “Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь, мэргэжлийн түвшинд бий болгох, хөгжүүлэхийн тулд сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэгийг сайжруулж, нэмэхэд өнөөдрийн уулзалт, мэдээлэл хамгийн чухал дэм сэдэл болж байна” гэв.
Энэхүү уулзалтыг яагаад зохион байгуулах болсон талаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хуралд бид 2015 оноос оролцож эхэлсэн. Энэ үеэс Монголд хэрхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх оролдлогуудыг хийж эхэлсэн. Өнгөрсөн жил Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулсан бол энэ оны есдүгээр сард Олон улсын хурлыг эх орондоо хийлээ. Энэ бүхэн нь бидэнд ярилцаж, хэлэлцэж, мэдээлэл солилцох боломжийг бий болгож байна”.
Уулзалтыг Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, Хэвлэлийн Хүрээлэн ТББ Монгол ТВ хамтран зохион байгуулсан бөгөөд урилгаар Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул оролцлоо.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн