Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд жендэрийн тэгш байдлын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ
2017-12-25 11:32:29.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Жендэрийн тэгш байдал нь хүний эрхийн нийтлэг асуудал тул аливаа салбарын бодлого, төлөвлөлтийн үндсэн зарчим болох ёстой. 

Тиймээс 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын редакцын бодлого тодорхойлогч зарим ажилтнууд болон сэтгүүлчийн дунд жендэрийн тэгш байдлын талаарх сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Сургалт хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ерөнхий редакторууд болон сэтгүүлчдийг оролцуулсан хоёр хэсэгтэй болж өрнөсөн бөгөөд гол зорилго нь жендэрийн тухай буруу хэвшмэл ойлголтыг халж, хэвлэл мэдээллийн байгууллагад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, жендэрийн мэдрэмжтэй сурвалжлан бичих ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байлаа.

Сургалтын үеэр жендэрийн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.

Түүнчлэн зөвлөх багийн төлөөлөл “Жендэрийн талаарх үндсэн ойлголт, түүнийг сэтгүүл зүйн хүрээнд ойлгох” тухай болон “Хэвлэл мэдээллийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийлээ.

Жендэрийн зөвлөх багийн гишүүн О.Оюунцэцэг “Нэгэн судлаачийн хэлснээр аливаа улс оронд үндсэн хуулийг эцэг хууль гэдэг шиг жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг эх хууль гэж үздэг юм байна. Жендэр нь эрэгтэй эмэгтэй хүйсийн л тухай ойлголт гэж үзэхээсээ илүүтэйгээр аливаад тэнцвэртэй байдлыг хангах, тэгш оролцоог бий болгох тухай ойлголт гэж үзэх нь зөв юм.” гэлээ.

Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл, мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдлын талаарх сүүлийн үеийн судалгаа мэдээллийг танилцуулсан бөгөөд сэтгүүлчдэд жендэрийн мэдрэмжтэй сурвалж бичихэд анхаарах гол асуудал, арга зүйн зөвлөмжийг өглөө.

Үйл ажиллагааны төгсгөлд сэтгүүлчид жендэрийн тэгш байдлыг хангахын тулд юу хийх талаар “Фиш боул” хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд “Сэтгүүлч” дээд сургуулийн захирал Р.Оюунцэцэг, Сэтгүүлч Ч.Дашдэлэг, Хэвлэлийн Хүрээлэнгийн багш Д.Мөнхчимэг болон бусад сэтгүүлчид тус хэлэлцүүлэгт оролцсон юм.

Сэтгүүл Ч.Дашдэлэг “Жендэрийн тэгш байдлыг тухай ярихдаа охид эмэгтэйчүүдийг голчлон хохирогч гэж, эрчүүдийг дандаа гэмтэн байдаг мэтээр хэт туйлширч байгаа нь мөн л хүйсээр ялгаварлаж буй нэг хэлбэр гэж ойлгож байна” хэмээн ярилаа.

Тус сургалтыг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Цаашид ч сургалт цуврал хэлбэрээр болох бөгөөд Дорноговь, Сэлэнгэ аймгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулахаар төлөвлөөд байгаа аж.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн