Жендэрийн тэгш байдлын талаарх мэдээлэл хүлээн авах, түгээх зан үйлийг судаллаа
2018-03-01 11:31:45.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн ойлголт, хандлагыг тандахын зэрэгцээ, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдээлэл хүлээн авах, түгээх зан үйлийг судлах судалгааны дүн гарлаа.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд уг судалгааг гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Баянхонгор, Хэнтий, Ховд аймгийн нийт 1000 гаруй хүнийг хамруулсан юм.

Судалгааны дүнгээс үзвэл Монголын нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамгийн ихээр мэдээлэл хүлээн авдаг эх сурвалж нь нэгдүгээрт телевиз, хоёрдугаарт сошиал медиа байгаа бөгөөд энд хүйсийн хувь ялгаагүй байв. Харин нас залуужих тусам телевиз үзэх нь багасч, нийгмийн мэдээллийн сүлжээ ашиглах нь ихсэх хандлагатай байгаа нь судалгааны дүнгээс харагдлаа. Түүнчлэн 34 хүртэлх насныхны найз нөхдөөс мэдээлэл авах тохиолдол бусад насныхнаас илүү байна. Харин 45-54 насныхан ажлын хамт олноос мэдээлэл авах нь илүү түгээмэл байна. Сонин, сэтгүүлийн хэрэглээ жил ирэх тусам буурч байгаа боловч 35 хүртэлх насныхан сэтгүүл унших нь илүү түгээмэл байгаа бол 35-аас дээш насныхан сонин унших хандлагатай байна.

Судалгааны өөр нэгэн сонирхолтой дүр зураг нь гурван хүн тутмын нэг нь жендэрийн тэгш байдлын талаарх ямар нэг материалыг харж байсан, арван хүн тутмын нэг нь сургалт, үйл ажиллагаанд оролцож байсан. Гэвч, жендэрийн тухай хэвшмэл ойлголт нийгэмд хүчтэй хэвээр байгаа нь эцгийн эрхт ёсны заншил, уламжлал болон одоогийн гэр бүл, нийгэмд буй ажил, үүргийн хуваарилалт, эцэг эхийн үлгэр дууриалал, мөн хэвлэл мэдээллээр түгээж буй агуулгатай шууд холбоотой хэмээн судалгаанд оролцогчид дурьджээ.

Ерөнхийд нь авч үзвэл сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буурч, интернетэд суурилсан хэрэгслээр мэдээллийг хүлээн авах байдал хот, хөдөөд аль алинд давамгайлж байна. Мэдээллийн сайт, сонинг дээд боловсролтой иргэд мэдээлэл хүлээн авдаг итгэлтэй эх сурвалжаар нэрлэж байгаа бол радио, сэтгүүл бараг дурдагдахгүй байна.

Хэдийгээр интернет, фэйсбүүк нь мэдээлэл хүлээн авдаг чухал сурвалжийг тэргүүлж байгаа ч хамгийн итгэж болох эх сурвалж нь телевиз болон эцэг эх, найз, нөхөд, хамаатан садан, ажлын хамт олон зэрэг аж.

Иймд, судалгааны үр дүнд суурилан жендэрийн тэгш байдлын талаарх үндэсний болон орон нутгийн хэмжээнд мэдээллийн кампанит ажил өрнүүлэхээр цаашид төлөвлөж байна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн