“Хэвлэл мэдээлэл ба Тав дахь засаглал” хэлэлцүүлэг боллоо
2018-05-03 15:49:39.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хэвлэл мэдээлэл ба Тав дахь засаглал” хэлэлцүүлгийг өчигдөр (2018.05.02) Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр хэвлэлийн эрх чөлөө, засаглал, хэвлэл мэдээллийн суурь боловролын сэдвийг хөндөв.

Уламлжлалт хэвлэл мэдээллийг Дөрөв дэх засаглал хэмээн нэрлэж хэвшсэн өнөө цагт нийгмийн цахим сүлжээг Тав дахь засаглал хэмээн шинэ тутамд үзэх болжээ. Өөрөөр хэлбэл нийгмийн сүлжээнд нэгдсэн иргэд өөрсдийн болон бусдын эрх ашигт хамаатай асуудлыг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж, улмаар тэдний шийдвэрт нөлөөлж чаддаг болсон. Тиймээс иргэдийн оролцоо бүхий энэ хүчийг Тав дахь засаглал гэж үзэж байгаа юм. Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлэлцүүлгийн эхэнд тайлбарлав.

Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрэн сурвалжлах сэтгүүлч, продюсер Маркус Линдеман “Нийгмийн мэдээллийн сүлжээ – Сэтгүүл зүйн сорилт боломж” сэдвээр, “Өгөх өдөр”-ийг санаачлагч Б.Баярсайхан “Сүлжээнд нэгдсэн иргэдийн боломж, эрсдэл” сэдвээр, МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал “Сошиал медиа ба цахим мэдээллийн боловсрол” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

Маркус Линдеман, “Сошиал медиа нь уламжлалт хэвлэл мэдээлэлд сорилт болоод зогсохгүй олон орны хууль зүйн салбарт сорилт болж байна. Энэ бол үнэхээр Тав дахь засаглал гэж үзэж болохуйц хэмжээнд нийгмийн зүгээс дэмжлэг авдаг болсон.” хэмээн хэлсэн юм.

Хэдэн жилийн өмнө аль нэг байгууллагын олон нийттэй харилцах ажилтнууд хэвлэл мэдээллээр нийгэмд чиглэсэн агуулга гаргахын тулд сэтгүүлчдэд тэрхүү асуудлыг сайтар ойлгуулахад ихээхэн анхаарал хандуулж, хэвлэлийн бага хурал хийдэг байлаа. Сэтгүүлчид тухайн асуудлыг олон нийтэд хүргэх эсэхийг шийддэг байсан бол нийгмийн мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр сэтгүүлчид асуудлыг гаргаж тавьдаг уламжлалт үйл өөрчлөгджээ.

Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, “Нийгмийн цахим сүлжээний давуу болон сөрөг талыг өнөөдөр дэлхий дахин өргөн хүрээнд ярьж байна. Тэр дундаа иргэдийг хамгаалах, мэдээлэл, мэдлэгтэй байхад туслах зорилгоор анхаарах шаардлагатай. Унгар, Финланд, Их Британи, Канад зэрэг улсад үндэсний хэмжээнд хэвлэл мэдээллийн суурь боловсролын асуудлыг ярьж байна. Тухайлбал, Унгар улсад бага, дунд сургуулийн сурагч хүүхдүүдийг цахим мэдээлэлтэй хэрхэн харьцах тухай албан ёсны хичээл заадаг болсон. Канад улсад өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн есөөс дээш насны хүүхдүүдэд фэйк ньюстэй хэрхэн харьцах тухай сургалтын хөтөлбөр хийж эхэлсэн.” хэмээн хэлэв.

Дашрамд дурдахад, Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-той хамтран хэвлэл мэдээллийн суурь боловсролын тухай үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн