Мэдээллийн хэрэгслийн тоо сүүлийн таван жилийн турш буурч байна
2018-05-03 14:50:25.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ”Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” 2018 оны тайланг хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлж ирсэн юм.
Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурчээ. 2017 оны тухайд өмнөх оноос хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 16-аар буурсан байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнө жилээс 5 гаруй хувиар, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг нэг цагаар, телевизийнх хоёр цагаар хасагдсан байна.

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байсан юм. Харин сүүлийн гурван жилд сайтын тоо харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2018 оны эхний байдлаар 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 55 орчим хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт радиогоос бусад мэдээллийн хэрэгслийн тоо бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарлаа. Нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины борлуулалтын эзлэх хувь 5.4 хувь байсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм.

2017 онд хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлтүүд болон хэрэглэгчдийн судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” 2018 номоос авч болно.

Холбогдох утас: 11350002, 7011-3475

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн