Иргэний нийгэм ба хэвлэл, мэдээллийн түншлэлийг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа
2018-05-31 16:44:54.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Улаанбаатар хот, 2018 оны тавдугаар сарын 29, 30

 Иргэний нийгмийн байгууллагуудын засаглал болон нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголтыг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах тухай мэдлэг олгох, түншлэлд анхаарах үндсэн ойлголтыг өгөх зорилго бүхий "Иргэний нийгэм ба хэвлэл, мэдээллийн түншлэл" сургалт эдгээр өдрүүдэд Хэвлэлийн Хүрээлэнд болж байна.

Энэхүү сургалтыг Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилттэйгээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ” төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг сургалтанд иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн, үүсгэн байгуулагч, байгууллагынхаа хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлдэг 20 гаруй ажилтан хамрагдаж байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах сургалтын нээлтийн үеэр, “Төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэх асуудлыг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс олон жил ярьж ирсэн. Харин нийгмийн эгэх хариуцлагын практикт мэдээллийн ил тод байдал, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээр мэдээллийг зөв ашиглах нь маш чухал байдаг. Тиймээс энэ тал дээр иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл мэдээлэлтэй түншлэх, хамтран нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай юм. Энэ ч үүднээс манай өнөөдрийн сургалт цагаа олсон үйл ажиллагаа болж байна” хэмээн ярьсан юм.

Оролцогчид цаашид нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагатай түншлэн хамтран ажиллах хүсэлт эрмэлзэлтэй байгаагаа дуулгасан юм.

Сургалтын эхний өдөр Нийгмийн эгэх хариуцлага болон хэвлэл мэдээллийн үүрэг, оролцооны талаар ойлголт авсан бол хоёр дахь өдөр суралцагчид нийгмийн эгэх хариуцлагын санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд мэдээлэл харилцааны ямар алхам хийх, хэвлэл мэдээлэлтэй хэрхэн хамтран ажиллах талаар лекц сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Дашрамд өгүүлэхэд, “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн хүрээнд 2015-2019 онд 10 аймаг (Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод) болон нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) хэрэгжүүлж байгаа юм. Төслийн зорилго нь төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм. 

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн