ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН сэдвээр зарласан СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ, ФОТО ЗУРГИЙН УРАЛДААНЫ шилдгүүд тодорлоо
2018-06-08 17:25:53.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн шилдэг бүтээлийн эзэд өнөөдөр тодорлоо. Шагналын эзэд “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо”, “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэсэн хоёр уралдаанд бүтээлээ илгээсэн юм. Нийт 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжилга, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээл уралдаанд өрсөлдөв.

Шагнал гардуулах ёслолын нээлтэнд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Ахлах Эдийн засагч ноён Деклан Магий нар хүрэлцэн ирсэн юм.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг нээлтийн үеэр, “Энэхүү уралдааныг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны хүрээнд зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн хамт олонд талархалаа илэрхийлье. Уралдаанд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан шилдэг бүтээлийн эзэд болсон нийт сэтгүүлч, уран бүтээлч та бүхэнд сайн сайхныг хүсье” хэмээн хэлсэн юм.

“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд

1-р байр: Йигл ТВ-ийн сэтгүүлч Б.Батцэцэг - “Бодит байдал” сурвалжилга

2-р байр: ЭКО телевиз - “Сэдэв” мэдээллийн хөтөлбөр

3-р байр: МҮОНРадиогийн Хүүхэд, залуучуудын редакц - “Гэр бүлийн хөгжил ба жендэрийн тэгш байдал” хөтөлбөр

Сонин, сайтын бүтээлийн төрөлд

1-р байр: “Өнөөдөр” сонин Х.Уянга – “Галбын говийн шинэ эзнийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бүсгүй” хөрөг нийтлэл

2-р байр: Гэрэг.мн сайт Б.Цэцэгдэлгэр – “Ижил тэгш оролцоо илүү ихийг бүтээнэ”

3-р байр: Чөлөөт сэтгүүлч Ц.Оюунтунгалаг – “Манай цэцэрлэгийн аав багш”

“Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлүүд:

1-р байр: Г.Эрдэнэтуяа – Уул уурхай, хүнд үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн ажиллаж байна

2-р байр: Баян-Өлгий аймгийн оролцогч Т.Али – Малчны хотон дахь “Жендэрийн тэгш байдал”

3-р байр: Ё.Нямдаваа – “Хайртай...” Цагдаагийн албанд бүсгүйчүүд ч ажиллаж байна. Саяхан төрсөн цагдаа эмэгтэй, гэр бүл, ажил, амьдралдаа хайртай.

Уралдааны талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.ЭнхбаярБид шилдгүүдийг тодруулахдаа сэдэв, чанар, өгүүлэмжээс гадна тухайн бүтээл нь жендэрийн тэгш байдлыг дэмжсэн үнэт зүйл, соёлыг бүтээхэд чиглэсэн эсэх, хэвшмэл ойлголтыг арилгахад хувь нэмэр оруулахуйц эсэх, үндэсний болон салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн эсэхийг харгалзсан юм. Хоёр сарын турш үргэлжилсэн шилдэг бүтээлийн уралдааны үр дүнд олон нийт жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, Монгол Улсын нөхцөл байдлыг бодитоор таньж мэдэхэд ахиц гарсан гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн тэрбээр бүтээлүүд нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алины асуудлыг хөндсөн төдийгүй боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хүчирхийлэл, эдийн засаг, уул уурхай, улс төр, хууль эрх зүйн салбар дахь жендэрийн олон талт байдлыг хөндсөн гэдгийг онцоллоо.

Хоёрдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд уралдааныг зарлаж, Хэвлэлийн хүрээлэн дээр бүтээлийг хүлээн авсан аж.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг байгаль орчин, эдийн засаг, хүүхдийн эрх, засаглал, хүчирхийлэл асуудлаар гэхчилэн өргөн хүрээнд зарлаж, сэтгүүлчдийг урамшуулж, дэмжиж ирсэн. Энэ удаа жендэрийн хэвшмэл ойлголтыг халах зорилгод нэгдэж, шилдэг бүтээлийн эздийг тодруулж байна” гэлээ.

Жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн бүтээлийн уралдаан ийнхүү зохион байгуулагдлаа.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас лавлаарай

Жендэрийн Үндэсний хороо

Утас: 51-261569

www.gender.gov.mn

Хэвлэлийн хүрээлэн ТББ

Утас: 350002,

www.pressinst.org.mn

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн