“ЦАХИУР-2018” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2018-07-02 17:09:30.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Уралдааны зорилго:

- Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах

- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чанар, мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх

- Олон нийтийн эрх ашгийг дээдлэх, хариуцлага хүлээх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүйг дэмжин сурталчлах

- Сэтгүүл зүйн ур чадварыг дэмжих, шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлэх

 

Уралдаанд оролцох болзол, шалгуур:

- Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой.

- Уралдаанд оролцох бүтээл нь 2017 оны ес дүгээр сарын аравнаас 2018 оны есдүгээр сарын арван хүртэлх хугацаанд нийтлэгдсэн байх.

- Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны есдүгээр сарын 13-ны Пүрэв гараг, 23:59 цаг (Улаанбаатарын цагаар)

 

Бүтээлд тавих шаардлага:

- Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн байх

- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчим, үндсэн шаардлага, шалгуурыг хангаж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдсөн байх

- Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх

- Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх

(хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)

- Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.

 

Уралдаанд хэрхэн оролцох вэ:

Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс Хэвлэлийн Хүрээлэнгийн вэб сайт болон фэйсбүүк хуудсанд хандан өргөдлийн маягтыг бөглөх бөгөөд gmail хаягаар нэвтрэх, доор дурдсан холбогдох бусад материалыг бүтээлийн хамт шалгаруулах комисст илгээнэ. Материал дутуу байх тохиолдолд уралдаанд хамруулах боломжгүйг анхаарна уу.

Онлайн өргөдлийн хамт дараах материалыг бүрдүүлж илгээнэ:

- Оролцогчийн товч танилцуулга

- Хэвлэмэл бүтээлийн хувьд: нийтлэгдсэн бүтээлийн PDF файл (нэг файл байх)

- Радио, телевизийн бүтээл: Албан ёсоор цацагдсан бүтээлийн файл, зохиолын хамт

-Видео бүтээлийг YouTube, Vimeo зэрэгт нийтэлж холбоосыг ирүүлэх

- Онлайн бүтээл: Нийтлэгдсэн бүтээлийн холбоос болон PDF файл

- Тухайн бүтээлийг бэлтгэх, баримтжуулах, нягтлан шалгахын тулд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан

Үүнд дор хаяж дараах мэдээллийг багтаасан байх:

(a) Асуудлыг амьд түүх болгохын тулд гүйцэтгэсэн судалгааны ажил, ашигласан арга хэрэгсэл,

(б) эрэн сурвалжлахад учирсан саад бэрхшээл,

(в) Бүтээлийн үр дүн, үр нөлөө

(г) нягт нямбай, үнэн зөв мэдээлэхэд учирсан сорилт, залруулга хийх шаардлага гарсан эсэх

Жич: уралдаанд ирүүлсэн бүтээлийн холбоосоор дор хаяж 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл нэвтрэх боломжтой байх ёстой

 

Шүүх үйл явц:

Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шүүж, шалгаруулна. Ингэхдээ дээр дурдсан шалгууруудыг, тухайлбал бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээ, тухайн сэдэв, асуудлыг эрэн сурвалжлахад зориулсан хүч хөдөлмөр, зоригийг үнэлнэ.

Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг 2018 оны 10 дугаар сарын 2-3нд Улаанбаатар хотноо болох Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын ii бага хурлын үеэр зохион байгуулна.

Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 350002, 97070709 утсаар холбоо барина уу.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн