ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
2018-10-02 15:45:05.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

“Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг Хэвлэлийн Хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Дойче Велле Академи, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран, Канадын Элчин сайдын яамны оролцоотойгоор 2018 оны аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Монголд хоёр дахь удаагаа болж буй уг хурлын үеэр гадаад, дотоодын сэтгүүлч, нэр хүндтэй судлаачид шинэ арга барил, туршлагыг солилцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барилыг түгээхээр төлөвлөжээ.

Хурал нь Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хамгийн чухал зарчим болох баримтыг нягтлан шалгах, дата сэтгүүл зүй буюу тоон мэдээллийн хүчийг сэтгүүл зүйн бүтээлд ашиглах, эрэн сурвалжлагад сошиал медиа болон вэб ашиглах аргууд, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, бие даасан хараат бус үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар сайн туршлагаас суралцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг сэтгүүлчдэд олгож байна.

Түүнчлэн, хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгаа билээ.

Хоёр дах удаагийн олон улсын хуралд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн, “Хэрхэн яаж хүмүүсийн ярианы сэдэв болох вэ?” гарын авлагын зохиогч Сайд Назакат, Хонг Конгийн Их сургуулийн профессор Ийн Чан, “Нээлттэй нийгэм” сангийн төлөөлөл Мариа Тереза Рондероз, Киргиз улсын Дата сэтгүүлч Савиа Хазанова, АНУ-ын Дата шинжээч Роберт Ритц, Малайзийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг үүсгэн байгуулагч Стивэн Гэн, Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Патрик Бенинг, Дойче Веллегийн судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жохен Шпангенберг зэргийн төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын үеэр уламжлал ёсоор хоёр дахь удаагаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “ЦАХИУР 2018” уралдааны шагналын эзэд тодорч, шагналыг гардуулахаар төлөвлөж байна.

Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах суваг:

Лавлах утас: 350002, 8898-8045

www.pressinst.org.mn, www.mjic.mn

FB page: https://www.facebook.com/PressInstituteMongolia/

FB page: https://www.facebook.com/Investigative-Journalism-Dialogue/

Twitter: @Press_Institute

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн