“ЦАХИУР 2018” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО
2018-10-08 11:00:54.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эздийг тодруулах “Цахиур 2018” уралдааныг хоёрдахь жилдээ Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи, Канадын Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.

Уралдаанд жил гаруйн хугацаанд эрэн сурвалжлах чиглэлээр олны хүртээл болгосон бүтээлүүдээ сэтгүүлчид нэр дэвшүүлж, ирүүлсэн бөгөөд шагналын эздийг тодруулах ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд үргэлжилсэн “Investigative Journalism Dialogue” олон улсын хурлын төгсгөлд боллоо.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдаж, эхний шатанд дотоодын мэргэжилтнүүд шүүж, дараагийн шатанд олон улсын эксперт оролцож ажилласан байна. Уралдаанд бүтээлийг үнэлэх гол шалгуурын талаар шүүгчдийн бүрэлдэхүүний төлөөлөл Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг хэлэхдээ “Шүүгчдийн зүгээс тухайн бүтээл эрэн сурвалжлах сэдэв мөн эсэх, иж бүрэн үндэслэл, нотолгоо бүхий баримт, мэдээллийг ашигласан, нягтлан шалгасан эсэх, сэтгүүлзүйн мэргэжлийн ур чадвар үүнд бичлэг, хэл найруулга зүй зэрэг хэд хэдэн шалгуурыг харгалзсан” гэлээ.

Уралдаанд нийт 20 гаруй бүтээл өрсөлдсөнөөс Ховд аймгийн “Ховд” телевизийн сэтгүүлч С.Жавзандулам “Цаанаа учиртай цагаан эрэг” нэртэй Цагаан эргийн нөхөн сэргээлтийн үнэн төрх, ашиг сонирхлын зөрчил, үгсэн хуйвалдсан хэсэг бүлгийнхний зөрчил хууль бус үйл ажиллагааг баримт, эх сурвалжаар нотлон нийтэд мэдээлсэн зургаан цуврал нэвтрүүлгээрээ дэд байрын шагналыг хүртлээ.

Уралдааны тэргүүн байранд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга Баянхонгор аймгийн Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн баяжуулах үйлдвэрт цианидын уусмал алдсаны улмаас ажилтнууд нь хордсон болохыг эрэн сурвалжилж, тухайн компанийн буруутай үйл ажиллагааг нийтэд ил болгож, хүлээн зөвшөөрүүлсэн бүтээлээрээ шалгарлаа.

Ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. “Цахиур” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан цаашид ч уламжлал болгон явагдах болно.

 

Лавлах утас: 350002, 8898-8045

www.pressinst.org.mn, www.mjic.mn

FB page: https://www.facebook.com/PressInstituteMongolia/

FB page: https://www.facebook.com/Investigative-Journalism-Dialogue/

Twitter: @Press_Institute

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн