Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 3–р чуулга уулзалтад оролцоод ирлээ
2018-10-17 10:42:15.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 3–р чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 5-7-ны өдрүүдэд амжилттай болж, Хэвлэлийн Хүрээлэнгийн төлөөлөгчид уг хуралд оролцсон тухай мэдээллээ өнөөдөр сэтгүүлчидтэй хуваалцлаа.

“Uncovering Asia 2018” олон улсын хуралд Дэлхийн 48 орны 440 сэтгүүлч нэг дор цуглаж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага, шинэ арга хэрэгсэл, бүтээл, технологийн дэвшил, хамтын ажиллагаа, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдал зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл, туршлага солилцсон юм.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ /GJIN/ байгууллага нийт 72 орны 162 гишүүн байгууллагатай бөгөөд тус сүлжээнд Монгол улсаас Хэвлэлийн Хүрээлэн албан ёсны гишүүнээр элссэн байдаг.
Иймд албан ёсны гишүүний хувьд хурлын үеэр “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хоёр дахь удаагийн хурлыг Монголд саяхан зохион байгуулж, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Өнөөдрийн үйл явдлын үеэр энэхүү Азийн 3 дахь удаагийн эрэн сурвалжлах хурлын онцлох сэдвүүд болох хуурамч мэдээ, баримтыг нягтлах олон улсын сүлжээ байгуулагдсан тухай мэдээлэл, АНУ, Хятад, Япон дахь #Me too хөдөлгөөнд сэтгүүлчид нэгдэж буй туршлага, хоёр Солонгос, Хятадын эрэн сурвалжах сэдвүүд зэрэг мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах танилцууллаа.

Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тулгардаг бэрхшээл болох сэтгүүлчдийн бие махбодийн аюулгүй байдлын асуудал, редакци болон сэтгүүлч хамгаалалтыг бий болгоход нэн шаардлагатай хийх алхам, анхаарах зүйлсийн талаар сэтгүүл зүйн багш Б.Туул олон улсын гол туршлагыг танилцуулж, хурлын үеэр сонссон шинэлэг мэдээ мэдээллээ хуваалцсан юм.

Үйл ажиллагаанд эрэн сурвалжлах сэтгүүлчид, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний гишүүд идэвхтэй хамрагдлаа.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн