ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ТАЛААР СЭТГҮҮЛЧИД, ХУУЛЬЧИД САНАЛ СОЛИЛЦОВ
2018-11-15 17:47:12.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэн, “Эрх зүйн боловсрол” академи хамтран Зөрчлийн хуулийн тодорхой зохицуулалтын асуудлаар өнөөдөр санал солилцох уулзалт-ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Улсын Ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд Зөрчлийн хуулийн зохицуулалт болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар цагдаагийн ажилтан хэргийг хариуцан шалгаж буй байдлыг оновчтой эсэх талаар сэтгүүлчидтэй ярилцав.

Мөн хуульчид болон сэтгүүлчид Зөрчлийн хуулийн 6.21 ба Иргэний хуулийн 21 дүгээр зүйлтэй холбоотой зохицуулалт хийх боломжийн талаар хэлэлцэв. Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Сэтгүүлчид бид мэргэжлийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх орчноо өөрсдөө бий болгох ёстой” хэмээн хэлсэн бөгөөд Зөрчлийн хуультай холбоотой өнөөдөр хэлэлцсэн асуудлыг ирэх долоо хоногт дахин ярилцах, энэ чиглэлд идэвхтэй ажиллах ажлын хэсэг байгуулав.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн