“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал”-ыг тодруулах зорилго бүхий агуулгын судалгааны дүнг танилцууллаа
2018-12-14 11:56:55.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал”-ыг тодруулах зорилго бүхий агуулгын судалгааг энэ оны гуравдугаар улиралд хийж, үр дүнг танилцууллаа. Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай холбоо той нийгмийн хүлээлт, үнэлэмжид үндэслэн бусдад зовиур, шаналалыг санаатайгаар учруулах үйлдлийг хэлнэ. Судалгааны хүрээнд 2018 оны эхний хагас жилд буюу зургаан сарын хугацаанд 8 мэдээллийн хэрэгслээр цацагдсан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 81 мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эдгээрийн талаас илүү хувь нь сонинд нийтлэгдсэн байснаас үзэхэд жендэрт суурилсан хүчирхийллийн асуудалд өдөр тутмын сонинууд бусад мэдээллийн хэрэгслээс илүү анхаарал хандуулж байна.

Судалгааны дүнгээс харахад жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ мэдээний төрөл зүйлийг хамгийн түгээмэл ашиглаж байна. Ингэхдээ нүдэнд ил, нийгмийг цочроосон, шуугиан тарьсан хүчирхийллийн хэргүүдэд анхаарал хандуулах нь түгээмэл, тухайлбал бэлгийн хүчирхийлэл болон бие махбодын хүчирхийллийн тухай илүү их хөндөж буй бол сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн тухай тэр бүр бичиж, нийтлэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалжийн хүйсийн харьцааны хувьд эмэгтэй эх сурвалж харьцангуй давамгайлж байв (56 хувь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй).

Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай мэдээлэхдээ голцуу хүчирхийллийн шалтгааныг болон таслан зосгоох арга замыг эрэлхийлж бичжээ. Харин хүчирхийллийн асуудлыг нийгэм эдийн засгийн өргөн хүрээнд авч үзэж, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн нөхцөл байдал, ёс заншил, уламжлал, хэвшмэл ойлголт, хандлагатай холбож судалсан бүтээл ховор байгааг судалгааны үр дүн харуулсан байна.

Телевиз, радио, сонин, сайтын аль алинаар жендэрт суурилсан хүчирхийллийн тухай нийтэлж, нэвтрүүлэхдээ хохирогчид түлхүү анхаарал хандуулж байгаа бөгөөд түүний хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг хамгаалж харьцангуй хэвшсэн байна.

Судалгааны дүнд үндэслэн Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж сэтгүүл зүйн бүтээлийн чанар чансааг хэрхэн нягтлах тухай удирдамж, зөвлөмж боловсруулж танилцуулав.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн