ХҮСЧ ТЭМҮҮЛЖ ЧАДВАЛ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРНЭ
2015-10-21 16:31:13.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Жирийн нэгэн монгол охин Д.Чимэдцэрэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Зүүн Өмнөд Азийн Хятад, Вьетнам, Камбож, Лаос гээд арван улсаар хагас жил гаруйн хугацаанд ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийгээд иржээ. Түүний энэхүү зоригтой шийдвэр, сонирхолтой аяллын талаар ярилцлаа.

  • Үүргэвчтэй ганцаарчилсан аялал хийх санаа хэзээ, хэрхэн төрсөн бэ?
  • Би Японд оюутан байхдаа 2008 онд Монгол бадарчин Амайгийн блогийг олоод бүх бичлэгийг нь уншсан. Тэгээд ингэж явж үзэх юмсан гэж их боддог болсон доо. Малайзаас нэг аялагч дугуйгаар ирж байлаа. Тэр хүн чи аялалд дуртай юм бол хурдхан эхэлсэн нь дээр. Нас 30 хүрчихвэл хүний биеийн онцлог, сэтгэл зүйгээс шалтгаалаад эсвэл гэр бүлтэй болчихвол амжихаа больдог юм гэж зөвлөсөн.
  • Тэгээд л аялалд гарахаар шууд шийдчихсэн хэрэг үү?
  • Аялалд гарах шийдвэрт энэ зөвлөгөө нөлөөлсөн. Гэхдээ би багадаа уул хад уруу ганцаараа явах, гарах дуртай, их сониуч хүүхэд байлаа. Гадаад хүмүүст хөтөч хийж байгаа авга ахыгаа хараад ийм хүн болж, олон хүнтэй харилцаж, гадаад орноор явах юмсан гэж мөрөөддөг болсон. Багын мөрөөдлөө хэзээ нэгэн цагт биелүүлэхийг хүснэ. Тэгтэл өнгөрсөн жил ажлаасаа гараад завтай болсон. Энэ тохиромжтой цаг үе байсан тул шууд шийдээд аялалд гарсан даа.
  • Аяллын тань гол зорилго юу вэ?
  • Мэдээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх. Үүнээс гадна өөрийгөө шинээр нээж, илүү танихыг хүссэн. Ганцаараа явна гэдэг хэнтэй ч ярих шаардлагагүйгээр өөрийгөө тал талаас нь харах, сонсох, өнгөрснөө эргэцүүлэн бодоход цаг гаргадаг. Ингэж өөрийгөө чин сэтгэлээсээ сонсч чадсанаар юуны төлөө, яах гэж яваад байгаагаа, хийж буйдаа дуртай эсэхээ, цаашид яах билээ гэх зэрэг асуултад зөв хариугаа олж чаддаг. Өөрийгөө таньж мэдээд, хийх дуртай зүйлээ олж, үүнийхээ төлөө цаг нар хайхралгүй явах үнэхээр сайхан. Үүнээс гадна хамгийн хямд зардлаар олон газар очиж үзэх явдал байв.
  • Аяллын зардлаа яаж олсон бэ?
  • Өнгөрсөн зун хоёр америк судлаачтай Хөвсгөл, Хэнтий явж хоёр сар гаруй хугацаанд хөтөч хийлээ. Энэ ажлын хөлс мөрөөдлөө биелүүлэхэд хүргэсэн юм. Нийт зардал 5000 ам.доллар болсон. Үүргэвчтэй аялал хийж явахад хамгийн эхэнд шийдэх зүйлс бол унаа, байр, хоол байдаг.
  • Үүргэвчтэй аялал хийхээр болоход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
  • Явахаасаа сарын өмнө гэрийнхэндээ хэлэхэд, аав, ээж, ах эгч ч ялгаагүй “тэр орнууд чинь аюултай шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн ганцаараа олон сар явна гэдэг бүтэхгүй даваа” гээд эргэн тойрныхон бүгдээрээ эсэргүүцэж дургүйцсэн. Аав ээж хоёр хувь хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Би ч байр сууриндаа бат зогссон. Тэгээд ч “Энэ нөхөр нэг л зүтгэсэн бол буцахгүй” гэж бодсон байх, сүүлдээ зөвшөөрсөн.  Аав минь бүүр лам дээр очсон байна билээ. Ээж “Миний охин хараа муутай болохоор нүдээ сайн үзүүлээд. илүү шил хийлгээрэй. Хувийн бэлтгэл сайн хангаарай” гэх мэтээр ахуйн зөвлөгөө сайн өгсөн.
  • Эмэгтэй хүн ганцаараа аялах ямар байв?
  • Хэдхээн жилийн өмнө л гэхэд ганцаараа аялах нь байтугай хүссэн газар уруугаа ч явах боломжгүй байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр гадаад ертөнц гэдэг хүсэх л юм бол хаашаа ч явахад нээлттэй сайхан болжээ. Гэвч эмэгтэй хүн үүргэвч үүрээд ганцаараа явах тухайд нөгөө л айсан, цэрвэсэн, болгоомжилсон хэвшмэл ойлголтууд байсаар байна. Ганцхан манайд ч биш, ерөнхийдөө түгээмэл юм билээ. Тухайлбал, Малайз улсын Борнио арлын Кота Кинабалу хотод хэд хоноход уулзаж яриа өрнүүлсэн хүн бүхэн “Пөөх, чи ганцаараа яваа юм уу? Ийм хол газар ингэж удаан явахад аюултай биш үү? Ямар аймаар юм бэ?” гээд л янз бүрийн асуултаар булчихдаг. Би ихэвчлэн “Яагаад болохгүй гэж?” гээд эргүүлж асуудаг байсан. Тэгэхээр “Үгүй ээ, аюултай шүү дээ. Эмэгтэй хүн юм чинь л…” гэхээс өөр баримт нотолгоотой зүйл хэлдэггүй. Ёстой зоригтой, мундаг юм, бахархаж байна гээд салцгаадаг байлаа. Аялж явахад аюултай биш, харин ч үнэхээр гайхалтай давуу талууд болох өөртөө итгэлтэй байдал, эрх чөлөөг мэдэрсэн. Бас бага мөнгөөр их зүйлийг үзэх боломж, бусадтай амархан танилцаж найз нөхөдтэй болж байв.
  • Аяллын явцад сэтгэлд тод үлдсэн, хамгийн дурсгалтай зүйл юу байв?
  • Олон зүйл байгаа. Вьетнамын хил дээр Энэтхэг-Хятадын хойгийн дээвэр гэж нэрлэдэг, далайн түвшнээс 3143 метрийн өндөрт орших Фансипан ууланд гарсан. Энэ бол хамгийн их тэсвэр шаардсан авиралт байсан. Бүтэн хоёр өдөр алхаад үүрээр яг оргилд гарахын өмнөхөн ширүүн бороо ороод зам нь маш аюултай болсон. Би цувгүй нимгэн хувцастай явсан болохоор хүйтэн бороонд цохиулж явахдаа ингээд осгож үхдэг юм байж дээ гэж бодсон шүү. Хятад улсын үзэсгэлэнтэй газруудаар явсан. Жишээ нь дэлхийд аюултай авиралтаараа хамгийн алдартай Хуашань уул, Аватар киноны зураг авалт хийсэн Занжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хамгийн урт урсдаг замаар гардаг Тианмэн уул, шилэн гүүр, 999 шатаар өгсөж Диваажингийн хаалганд хүрэх гэх мэт. Индонез улсад “Хөх гал” үзэх гэж далайн түвшнээс дээш 3000 орчим метрийн өндөртэй галт уулын тогоо руу орох аймаар байсан. Гэвч очихоос гурав хоногийн өмнө галт уулын идэвхжил нь болоод хорт хий ялгарсан байсан. Хамгаалагч нь оруулахгүй байсан ч хоёр цаг гаруй хоргоосоор орсон. Гүүглээс харж, очихыг мөрөөдсөн “хөх гал” ч байдаггүй. Харин нулимс гоожуулж, амьсгал боогдуулам бөөн утаа угтав. Маш аюултай хорт хийн дунд ямар ч нэмэргүй ханиадны зориулалттай нимгэн маск зүүж орсон нь амь насаараа дэнчин тавьсан хэрэг байсан юм.
  • Хөх гал” гэдэг нь юу вэ?
  • Галт уулын тогоонд байнгын давтамжтай хийн идэвхжил болж байдаг. Тэр нь хөх гал болж харагддаг. Үүнийг үзэхийн тулд заавал шөнийн 01.00 цагт очих ёстой. Гэвч хорт хий ялгарсны улмаас үзэж чадалгүй буцсан даа.
  • Азийн орнуудаас хамгийн сонирхолтой нь  аль орон байв?
  • Бирмийн мэдээлэл маш бага, хаалттай орон байсан. Орохоос өмнө гэрийнхэн, найз нөхөд гээд хүмүүс “Аюултай шүү, болгоомжтой яваарай. Тийшээ явах хэрэг байгаа юм уу” гэж хорьж байсан учраас би ч өөрөө айдастай. Гэхдээ хилээр нь нэвтрэнгүүт тэс ондоо байдал угтсан. Хилийн боомт гэхэд л монголоос хамаагүй илүү хөгжсөн байлаа. Байгалийнх нь үзэсгэлэн, ард иргэдийнх нь найрсаг зочломтгой зан аашийг үнэхээр биширсэн. Аялал жуулчлал бага хөгжсөн учраас мөнгөнөөс илүү чин сэтгэлээсээ туслах гэсэн огт эвдрээгүй сэтгэлтэй хүмүүсийг харж мэдэрч байлаа. "Минггалаба!" буюу бирм хэлээр “Сайн байна уу” гэдэг үгийг би хэзээ ч мартахгүй ээ.
  • Бусад орны аялагчидтай хэрхэн танилцаж, уулзаж байв?
  • Олон орны аялагчтай таарсан. Орон орны аялагчдыг гэртээ үнэ төлбөргүй хүлээж авдаг хүмүүсийн www.couchsurfing.com гэдэг сайн дурын сүлжээ цахим хуудас байдаг.  Үүнийг 2011 оноос идэвхтэй хэрэглэж эхлээд олон найзтай болсон. Тэднээс урам зориг авсан. Түүгээр дамжуулаад монголд ирж буй аялагчдыг гэртээ байлгадаг байлаа. Өөрөө аялж явахдаа зарим хүнтэй нь чиглэл нэг учраас хэд хэдэн улсад таарна. Монголоос ирсэн гэхээр “Ямар гоё юм бэ, миний очиж үзэхийг мөрөөддөг газар шүү дээ” гэхэд эх орноороо бахархаж, улсынхаа талаар боломжтой бүх мэдээллийг хүргэхийг хичээдэг.
  • Бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?
  • Тухайн үед янз янзын л хүндрэл бэрхшээл тулгарч байсан. Одоо бодоход бүгд дурсгалтай сайхан. Ямар ч тохиолдолд “Яах гэж энэ аяллыг эхлүүлэв ээ? Ингэж ч явах гэж…” гэж огт харамсч байгаагүй шүү. Мөнгөгүй болох л хамгийн бэрхшээлтэй байсан даа. Гэхдээ гэр бүл, найз нөхөд, танилуудын тусламж дэмжлэгээр асуудалгүй яваад ирсэн.
  • Одоо аяллаа үргэлжлүүлэх үү?
  • Мэдээж бүх л газраар явж үзмээр байна. Удахгүй Америк, Тайландын аль нэг рүү явж магадгүй. Эхний аяллаа дуусаагүй байхдаа л дараагийнхыгаа аль хэдийнэ төлөвлөчихсөн. Боломж бүрдвэл эртний Торгоны зам дагуу аялах хүсэл бий. Их сонирхолтой санагдаад байгаа. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.
  • Та ямар мэргэжилтэй вэ?
  • Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Гадаад харилцааны ажилтан гэсэн мэргэжилтэй.
  • Мэргэжил тань аялалд явахад бас нөлөөлсөн үү?
  • Гадагшаа явах сонирхлыг өдөөдөг мэргэжил. Өөрийн дураар гадаад орнуудаар аялж, эх орноо тодорхой хэмжээнд сурталчилж буй хүмүүсийг  “Ардын дипломат ажилтан” гэж нэрийддэг.  Дипломатч хүн ямар нөхцөлд ямар зан гаргах вэ зэрэг зарим асуудлыг шийдэхэд миний мэргэжил тусалдаг.
  • Ганцаараа аялах хүсэлтэй охид бүсгүйчүүдэд юу зөвлөх вэ?
  • Үнэхээр аялмаар байвал үүргэвчээ үүрээд л гарах хэрэгтэй. Би эмэгтэй хүн гэж айж эмээлгүй сэтгэл санаагаа тайвшруул. Зүрх сэтгэлээсээ хүсч байвал яваад л үз. Болохгүй бүтэхгүй, мөнгөгүй  гээд л суугаад байвал хүсэл мөрөөдлөө хязгаарлана гэсэн үг шүү дээ. Миний хувьд зоригтой шийдвэр гаргаж мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна.
  • Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

CЗДК-ын 20 дахь элсэлтийн оюутан Н.Амаржаргал

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн