ЦЭВЭРШИЛТИЙГ ЗӨВ ДАВАН ТУУЛАХ НЬ УРТ НАСЛУУЛДАГ
2015-10-21 16:39:52.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 25 жилийн турш ажилласан Шагдарын Оюунгэрэлтэй эмэгтэйчүүд цэвэршилтийн шинж тэмдэг, үе шатуудыг хэрхэн даван туулах талаар ярилцлаа. Тэрбээр ажил, амьдралын гараагаа Завхан аймгийн Улиастай хотын төрөх эмнэлгийн, төрөх тасгаас эхэлсэн. Улмаар Дархан-Уул аймгийн төрөх эмнэлэгт өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ш.Оюунгэрэл эмчтэй “Энхжил” эмнэлэгт ажлаар ирсэн байхад нь таарч ярилцсан юм.

  • Цэвэршилт гэж юу вэ?
  • Нас ахих тусам хүний бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах эсийн шинэчлэл саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Эмэгтэй хүн бүрийн амьдралд бие махбодь дахь бэлгийн дааврын хэмжээ, эрс буурах үер ирдэг. Нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа бөхөж байдаг нь үүний үндсэн шалтгаан нь юм. Үйл явц нь нэлээд удаан буюу наймаас арван жил үргэлжилсээр эцэст нь бэлгийн даавар огт байхгүй болдог. Энэ байдлыг цэвэршилт гэнэ.
  • Энэ үед мэргэжлийн хүнд хандах ёстой юу? Эсвэл байгалийн жам ёсны гээд тоохгүй өнгөрөх үү?
  • Цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстой.
  • Эрт цэвэрших нь муу, хожуу цэвэрших нь сайн гэж ойлгож болох уу?
  • Энэ бол харьцангуй ойлголт. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад цаг хугацааны хувьд харилцан адилгүй хугацаанд цэвэршдэг. Сайн муу гэсэн ойлголт үгүй.
  • Эрт цэвэршилтийн эмгэг гэж үзэх үү?
  • Орчин үед цэвэршилтийг хугацаанаас нь өмнө бүр 40 хүрээгүй байхад ирэх болсон гэж үзэх нь бий. Энэ мэдээж хувь хүний бие махбодын онцлогоос эхлээд хоол хүнс, экологийн байдлаас ч болсон гэж үзэх нь бий. Цэвэршилт хараахан эхлээгүй ч анхны шинж тэмдэг эхлэх үе гэж байдаг. Гэнэт нэг өдөр огцом цэвэршинэ гэж байдаггүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд хэдэн жилийн турш ч цэвэршилтийн шинж тэмдэг явагдсаар л байдаг. Тиймээс 40-50 насны эмэгтэйчүүд өөрийн бие махбодын өөрчлөлтөд хянамгай хандах шаардлагатай.
  • Монгол эмэгтэй хүний цэвэршилтийн дундаж нас хэд вэ?
  • Хувь хүний бие махбодын онцлогоос шалтгаалдаг учраас тодорхойлох боломжгүй.
  • Цэвэрших үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
  • Анхны шинж тэмдэг нь уур уцаартай болох, ой тогтоолт муудах, арьс эрс хөгшрөх, ойр ойрхон халуу шатах, хөлрөх эсвэл хүйт даах, тайван бус цочимтгой болох, даралт ихсэх, бэлгийн дур хүсэл буурах, үтрээ хуурайшилтын улмаас бэлгийн харьцаанд ороход хүндрэлтэй болох зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илрэхээс гадна яс сийрэгждэг. Энэ бүхэн эмэгтэй хүний бие махбодод дааврын хэмжээ эрс буурсантай холбоотой. Иймээс жин нэмэгдэх нь бий. Гэхдээ зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүдийг мэдрэхгүй өнгөрөөх эмэгтэйчүүд ч байдаг. Үүнд эмэгтэй хүн бүрийн хувийн зан чанар нөлөөлж болохыг анхаарна уу. Жишээ нь, угийн эмзэг гомдомтгой, биеэ чагнах дуртай эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үйл явц хурц явагдаж байхад, нээлттэй баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, идэвхтэй эмэгтэйчүүдийнх хөнгөн хэлбэрээр  буюу үл анзаарагдах нь бий.
  • Цэвэршилтийн шалтгаан юу вэ?
  • Цэвэршилтийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэх эмэгтэй хүний уусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, тулгуур эрхтэнүүдэд өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл ажиллагаа буурч өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар сүүлдээ зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.
  • Цэвэршилтийн  үед эмнэлэг эмчид хандаж хяналтад байх ёстой юу?
  • Тиймээ, Эмчийн хяналтад орж, үзүүлж, шинжилгээнүүд өгч байх хэрэгтэй. Тэр тусмаа Монгол эмэгтэйчүүд л жам ёсны зүйл гэж бодоод эмчид хандалгүй өвчин эмгэг болгодог муу зуршилтай.
  • Цэвэршилтийн хямралд орохгүйн тулд яах ёстой вэ?
  • Сэтгэл санаааны хэт хямралаас зайлсхийж, цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж, сонгодог хөгжмийн аянд йог бясалгал хийж, тайвширч, тайтгарч сураарай. Хангалттай сайн унтаж амарч байхыг хичээх хэрэгтэй. Ядарснаас дархлаа суларч өвчинд өртөх магадлалтай. Архи тамхины хэрэглээг зогсоож, кофены хэрэглээг багасгаж, биеийн жингээ тогтмол хянаж байхын тулд биеийн жингийн индексээ үзэж сураарай. Биеийн өндрөөсөө зууг хасдаг арга хоцрогдсон гэдгийг мэдэх биз ээ. Дааврын дутагдлаас болоод үтрээ хуурайших шинж тэмдэг илэрвэл даавар агуулсан тосон түрхлэг хэрэглэж, Кегелийн дасгалыг тогтмол хийж байвал сайн үр дүнд хүрнэ. Үтрээ хуурайшсанаас бэлгийн харьцаанд ороход түвэгтэй байвал усан суурьтай тосон гель хэрэглэхийг зөвлөе.
  • Цэвэршилтийг хойшлуулдаг эмийг сайн дураараа авч уух нь хэр зохистой вэ?
  • Эмийг сайн дураараа авч уух нь маш буруу. Хэн нэгэнд таарсан эм чамд төгс таарна гэж үгүй. Ийм учраас мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгч, өөртөө таарсан эм таарсан тунгаар уух ёстой.
  • Та цэвэршилтийн үе шатыг тайлбарлаж өгнө үү?
  • Эмч нар цэвэршилт ихэнхдээ гурван үе шаттай явагддаг гэдгийг ажиглажээ. Переменопауза-өндгөвчний үйл ажиллагаа буурч эхлэх үеэс сарын тэмдэг бүрмөсөн алга болох үе. Шинж тэмдэг нь эмэгтэй хүний үр боловсруулах чадвар эрс буурна. Сарын тэмдэг тогтмол бус бага хэмжээтэй болно. Энэ нь 40-45 насанд эхлээд тав орчим жил үргэлжилнэ. Менопауза-Хэрэв сарын тэмдэг багадаа жил орчим хугацаанд ирэхгүй бол менопауза болжээ гэж үзнэ. Эм бэлгийн даавар энэ үед бараг тэг заасан байдаг. Постменопауза-Сүүлийн сарын тэмдэгээс өндгөвчний үйл ажиллагаа бүрэн зогсох хүртэлх үе. Энэ нь гурваас 15 орчим жил үргэлжилнэ. Эмэгтэйчүүд биед нь мөчлөгт өөрчлөлт гарч буйг мэдрэх боловч сарын тэмдэг ирдэггүй. Үүнээс гадна арай өөр үзэл баримтлал байдаг.
  • Цэвэршилтийн үед буруу дэглэм барьснаас өвчин үүсдэг гэж үнэн үү?
  • Үгүй, Тийм гэж хариулахад хэцүү. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Хүн өөрөө өөрийгөө сайн мэддэг байх ёстой. 
  • Цэвэршилтийн үеийг зөв даван туулсанаар ямар эерэг үр нөлөөтэй вэ?
  • Цэвэршилтийн үеийг зөв давснаар тухайн хүний нас уртасч, амьдралын чанар эрс сайжирна.
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ?
  • Энд нэмж хэлэхэд, цэвэршилт тухайн хүний онцлогоос шалтгаалж хөнгөн-дунд-хүнд гэсэн явцтай байдаг. Нэгдүгээрт, эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрт илэрч буй шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй. Гуравдугаарт, эсийн болон эдийн, гормоны шинжилгээ өгч байгаарай. Дөрөвдүгээрт, Яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлж гормоны эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм. Гормоны эмчилгээний үргэлжлэх хугацаа зургаан сар, шөнө унтахдаа буюу 23 цагийн үед эмээ уух хэрэгтэй.
  • Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа. 

CЗДК-ын 20 дахь элсэлтийн оюутан П.Батцэцэг

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн