МОНГОЛ ХҮҮХДЭД ХИЧЭЭЛ ЗААНА ГЭДЭГ МИНИЙ ХУВЬД ЖАРГАЛТАЙ “СТРЕСС”
2015-10-21 16:42:30.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

 “ОЛОНЛОГ” бүрэн дунд сургуулийн япон хэлний багш, хэл шинжлэх ухааны доктор, профессор Иноүэ Нобүкотой “монгол хүүхдийн сурах арга барилын онцлог”-ийн талаар ярилцлаа.

Танд өнгөрсөн ч гэсэн багш нарын баярын мэнд хүргэе. Та энэ олон орноос яагаад заавал монгол орныг сонгож багшлах болсон бэ?

Баярлалаа. Анх 11 жилийн өмнө эрс тэс уур амьсгалтай Монгол оронд аялахаар ирж байлаа. Өмнө нь Европын болон Азийн хэд хэдэн орноор аялж байсан ч Монгол орон шиг сэтгэлд ойр санагдаж байсан нь үгүй. Монгол хүмүүс Ази гэдэг утгаараа царай зүс, биеийн бүтцийн хувьд япон хүнтэй адилхан нь надад гадаад оронд байгаа шүү дээ гэж биеэ барих айдсыг минь үргээсэн байх. Монгол хүний сэтгэлгээний онцлог бусад орны хүмүүсээс тун ялгаатай онцлогтой байсан. Тэр дундаа монгол хэл өвөрмөц, сонирхолтой сайхан байсан. Гэхдээ би одоо хүртэл монголоор сайн ярьж чадахгүй байгаа биз дээ. /инээв/ Монгол орон надад ийм сайхан сэтгэгдэл төрүүлж байсан учраас япон хэлний багш гэдэг үүднээсээ  монгол хүүхдүүдэд багшлаад үзье гэж бодсон.

Анх монголд ирсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Анх японы аялал жуулчлалын компанид очоод Монгол уруу очмоор байна гэж хэлсэн. Монгол уруу очиж үзэх юмсан гэж бодсоноос өвөр монгол, Монгол Улс тусдаа орон гэж мэдээгүй. Түүнээсээ болоод эхлээд өвөр монголд оччихоод дамжаад Монголд ирж байлаа. Ардчилсан улс гэдгийг нь ч бас мэдээгүй байсан. Гэтэл ардчилалд шилжээд 20 жил болчихсон юм билээ. Өөр бас нэг зүйл яримаар байна. Монгол хүн ганц жижиг дугуй ааруул байсан ч хамт байгаа хүнийхээ тоогоор хувааж иддэг. Үгүй ээ, мөн сайхан сэтгэл шүү. Гэтэл манай оронд миний юм бол миний юм, хүний юм бол хүний юм гэсэн аминчхан бие хүний үзэл гаргадаг. Ингэж бодохоор энэ ард түмэнд татагдахгүй байхын аргагүй. Монголын ард түмэн энэ сайхан чанараа үеэс үед өв уламжлан авч үлдээсэй гэж хүсдэг.

Та багшлаад хэр удаж байгаа вэ?

Би эх орондоо 20 гаруй жил Монголд ирээд 11 дэх жилдээ багшилж байна.

Монголд хүүхдэд багшлахад ямар байна?

Би эх орондоо багшлаж болох байсан  ч гадаадад очиж багшлах юмсан гэдэг хүсэл байсан. Японд өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэвшил, нийгэм нь намайг үнэхээр ядраадаг. Монгол ялгаагүй ч монгол хүнд багшлах нь миний хувьд жаргалтай “стресс” юм даа. Монгол хүүхдүүд зөвхөн оюун ухааны чадамжаас гадна цайлган сэтгэлтэй. Өнөөдөр би нэг хүүхдийг загналаа гэхэд маргааш нь мартахчихсан байдаг. Зарим нь бүүр хичээлийн завсарлагаанаар л багшаа, багшаа гээд инээчихсэн явна гээч. Япон хүүхдүүд бол загнуулсан бол олон өдөр гуниглаад, юм бодоод, нэг л хөндий хүйтэн болчихдог.

Та монголд хэчнээн шавьтай вэ?

Монгол шавь нарын минь тоо мянга хол давсан байх аа. Орхон их сургуульд дөрвөн жил, ШУТИС-д гурван жил, “Олонлог” бүрэн дунд сургууль гурван жил, хувийн сургуульд нэг жил гээд чамгүй удаан багшилж байна даа.

Монгол хүүхдийн сурах арга барил, онцлогын талаар юу хэлмээр байна вэ?

Тэгэлгүй яахав, энэ талаар ярихгүй өнгөрч болохгүй. Гадаад хэл сурахад бичих, унших, сонсох, ярих ямар чухал гэдгийг сайн мэдэж байгаа байх. Гэтэл энэ дөрвөн чиглэлийн хичээлийг япон хүүхдэд адилхан заадаг байхад зөвхөн унших, бичих төрлийн хичээлийг сайн  сурдаг. Харин монгол хүүхдүүд ярих, сонсох, унших, бичих гээд бүхий л хичээлийг адилхан сурч чаддаг.

Бидний ярилцлагыг уншиж байгаа япон хэл сонирхон суралцагсдад зориулж юуг онцлон захиж хэлмээр байна?

Миний түрүүний ярьсан шиг хүн бүр унших, бичих, сонсох, ярих төгс сайн эзэмшихийг  зорих хэрэгтэй. Монголд япон хүн цөөхөн гэж битгий шалтаг тооч. Харин түүний оронд боломжийг өөртөө бий болго. Заавал япон хүн гэлтгүй, япон хүнээс дутахгүй ярьдаг монголчууд зөндөө л байдаг шүү дээ. Тийм хүмүүстэй харьцаж бай. Хүн төрөлхтний хувьд хэлж, ярих нь илүү анхдагч гэдэг ойлголтоор биеэ барилгүй боломжийг өөртөө бий болгож, ярих тал дээрээ түлхүү анхаар гэж захья.

Монгол хүүхдэд багшилснаар таны заах арга барилд ямар өөрчлөлт гарсан бэ?

Ямар ахиц дэвшил гарсан бэ гэдэг талаас нь ярих нь илүү зөв байх гэж бодож байна. Би эх орондоо 20 гаруй жил багшилсан өөрийнхөө хэмжээнд туршлагатай сайн багш гэж боддог. Гэхдээ монгол хүүхдүүдтэй ажилснаараа би өөрийнхөө заах арга барилыг сайжирсан гэж боддог. Энэ бол мянга гаруй шавь нарын минь хичээл зүтгэл шүү дээ. Тиймдээ ч миний багшлах арга барил өдрөөс өдөрт  сайжирсаар байгаа гэж бодож байна.

Монгол хүүхдийн гадаад хэл сурах чадвар нь юутай холбоотой гэж боддог вэ?

Орос, Хятад гэсэн хоёр том оронтой хил залгаа оршдогтой нь холбоотой юм болов уу.

Орос, Хятад, Солонгос, Япон  гээд бусад орон ч бас өндөр хөгжилтэй оронтой хил залгаа оршдоггүй гэж үү?

Тиймээ үнэхээр тийм. Жишээ нь, Япон улс гэхэд солонгостой хэл залгаа оршдог мөртлөө солонгосоор тийм сайн ярьж чаддаггүй. Тэгэхээр энэ чадвар нь Чингис хааны үеэс аль ч орны хэлийг сурч, ямар ч газар оронд дасан зохицох чадвар, оюуны чадамжтай нь холбоотой юм байна. /инээв/

Хичээл зааж байхад  тань гарсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Монгол хүмүүс их сонин шүү дээ. Бага ангийн хүүхдүүдээ эцэг эх нь ирж авна. Тэгээд охиноо авч байж “миний хүү, миний хүү л” гээд байдаг. Би эхэндээ хүү нь бас хамт сурдаг юм байхдаа л гэж бодож байж билээ. Монгол хүүхдүүд хоорондоо утсаар ярихдаа “байна уу, байна, Хэн бэ? Яасан?” гэж ярих нь энгийн яриа юм билээ. Би тэрийг нь мэдэхгүй болохоор сурагчид хоорондоо  муудалцчихсан юм болов уу гэж бодох үе зөндөө гардаг байлаа. За ингээд яриад байвал сонин хөгжилтэй зүйлүүд олон гарна аа.

Манай улсын боловсролын түвшин ямар байна гэж хардаг вэ?

Би мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх хүн биш. Гэхдээ нэгэнт асуусан болохоор товч хариулья. Монголын боловсролын тогтолцоо намайг анх багшилж байх үеийнхээс илүү сайжирсан. Наад захын жишээ гэхэд олон улсын жишгийг дагаж ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалтын тогтолцоотой боллоо. Энэ нь эргээд гадаадын улс оронд сурахад боломжтой, зөв зүйл. Гэхдээ энэ талаар монголчууд хоёр жил заавал нэмэж сурах шаардлагагүй гэж ярьдаг ч, тийм биш шүү дээ. Оюуны чадавх өндөртэй монгол хүүхдүүд гадаадын улс орон уруу суралцах нэг ч атугай боломж байгаа юм.

Сурагчдадаа хичээл заах их ажлынхаа хажуугаар ярилцлага өгсөн танд баярлалаа                                                                                                                                  

                        CЗДК-ын 20 дахь элсэлтийн оюутан С.Эрдэнэтуяа

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн