Эко эмийн санч
2017-01-16 15:55:51.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Өөрийн өвөг эцгээсээ үе дамжин ардын эм тан, эмийн ургамлын гайхамшгийг биеэр эдэлж түүнийг олонд түгээн дэлгэрүүлэхэд зорьж яваа эм, тан баригчтай хийсэн ярилцлага.

Бид Шаравпэлжээ гуайн гэрт ярилцахаар тохирч ойролцоох автобусны буудал дээр уулзлаа. Жаран тав, зургаа орчим насны болов уу гэмээр энэ  настны  алхаа хөнгөн бас хурдан шалмаг. Орон сууцны шатаар зургаан давхар өөд зэрэгцэн алхаж явахад түүний хөл нь цуцах нь байтугай амьсгаа нь ч дээрдсэнгүй. Хаалга нээгдэн дотогш ороход тал хээрийн цэцэг, ногооны үнэр ханхийн угтлаа.

-Та эм тан хийх ажлаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би 1991 онд Хилийн цэргийн албанаас тэтгэвэрт гарсан. Тэгээд ганзаганд явж улмаар хувиараа эрхлэх аж ахуй байгууллаа. Тухайн үед татвар нэхэгдээд надад боломж байсангүй. Энэ шалтгаанаас улсаас аж ахуйг маань татан буулгасан юм. Ингээд 1994 оноос эм тангийн ажил руу орсондоо.

-Тэгэхээр та энэ чиглэлийн мэргэжилтэй юмаа?

-Миний эцэг эм тан барьдаг хүн байсан. Тэр хүн эм тангийн найрлага зааж өгсөн юм. Ямар ургамал хаанаас яаж түүдэг,хэрхэн хэрэглэх вэ гэдэг анхны мэдэгдэхүүн байсан учраас дотооддоо түүхий эд элбэг байхад энийг алд олны амьдралд хүргэе гэж сонгосон юм. Тухайн үед би бөөрний улаан тан, уушигны тан, маний уудаг мана шатан буюу цагаан тан, Ноёдын уудаг норов  дүн тан буюу гурван үрийн танг гандангийн үүдэнд нилээн хэдэн жил борлуулсан. Гадаа зогсдог тэрнээсээ жаахан холдож явж зардаг болсон. Янз бүрийн дангаар хэрэглэх ургамал ч нэмэгдсэн. Авсан хүмүүс “Таны эм их сайн юм, тустай юм”  гэнэ. Өөрсдийн амьдралд тохиолдсон зүйлээ их ярьдаг. Ингэж өвдөөд ийм ургамал хэрэглээд гэхчилэн бид харилцан ярилцдаг. Тэгэхээр би ардаасаа сурч байгаа юм. Хүмүүс “Та эмийн ургамлын мэргэжилтэй юу? Эмч үү?” гэж асуудаг. Тэгэхээр нь “Би ардаасаа сурсан гэж хариулдаг.

-Гэхдээ та аавдаа туслаж хамтарч тэр хэрээрээ сурсан мэдлэг их байдаг биз дээ?

-Миний аав Дагва гэж хүн байсан. Завханы Түдэвтэй сумын малчин ард. Аав минь таалал төгсөөд түүний аав өөрөөр хэлбэл миний өөвөөгийн ном надад ирсэн. Жар гаруй  төрлийн эм тан барьдаг. Өөрөө бэлдсэн тангаа шүншиглэн, тарнидаж хүнд өгдөг. Тэр нь хүмүүст сайнаар нөлөөлдөг байсан гэдэг.

-Тэгэхээр аав тань номтой хүн байжээ?

-Багаасаа хүрээ хийдэд сууж төвд бичиг сурсан. Сумынхаа хийдэд сууж байсан. Тэгээд тэр үеийн лам нарын бодлого гэж юм болоод цэрэгт лам хувцастайгаа очиж байсан гэдэг. Цэргээс халагдаад өвөөтөй хамжин эм тан хийдэг байсан юм билээ.

-Та эм тангаасаа тахилцуулах уу?

-За тэгье: Энэ гишүүнэ. Үүнийг маш олон янзаар хэрэглэдэг. Түүж аваад усанд угаагаад жижиг хэрчиж, сүүдэр газар хатаагаад, нүдэж нунтаглана. Нэг удаа хэрэглэх хэмжээгээр савлаж бэлдсэн.

-Тийм байна. Та их гоё нандин бэлтгэсэн байна. Ингэж хийх арга нь ямар арга байна?

-Энэ нь зүгээр л дардаг машин байдаг. Гишүүнэ нь сахарын өвчинд маш сайн, хорт хавдрын эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.

-Энэ гишүүн бидний ярьдаг “айраг” гэдэг ургамал мөн үү?

-Айдаа мөн мөн. Тэр ургамлын иш нь энэ.

Шархны шар цэцэг дотор шарханд ууж ил шарханд тавьж боодог. Дотор шарх гэдэг нь улаан хоолой, ходоод, бүдүүн нарийн гэдэсний шарханд ууж хэрэглэдэг. Үүнээс гадна ходоодны хүчил ихтэй, хелико бактертай, доош цус алдсан үед хэрэглэнэ. Уухдаа хоол цай идэж уугаад цаг гучин минутын дараа 50-70 грамм буцалсан бүлээн усанд хутгаж ууна. Ууснаас хойш дахин цаг гучин минутын дотор юм идэж уухгүй. Энэ заавраар өглөө орой хоёр удаа ууна. Нэг курс эмчилгээ нь 15 хоног.

-Дараагийнх нь?

-Маний уудаг мана шатан буюу цагаан тан. Үүнд мана, лидэри, гажа, гадур гэсэн 4 төрлийн эмийн ургамлыг зохист харьцаанд найруулж хийсэн. Ханиад ядаргаанд нэн сайн. Үүнийг хэрэглээд сурчих юм бол бүх төрлийн өвчнөөс сэргийлэх буюу эдгээх нигууртай. Дээрх эмийн найрлага дээр ар үр, бар үр, жүр үр гэсэн гурван үрийн найрлага бүхий ноёдын уудаг норов дүн танг бэлтгэдэг. Энэ нь зүрхэнд сайн. Мөн дамнажид буюу тунгалаг 5. Энэ нь ходооддны галын элчийг тэтгэж, хоол ундны шингэцийг сайжруулж, таван цул эрхтний хэвийн үйл ажиллагааг ханган биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Нярай хүүхдээс өндөр настан бүгд хэрэглэж болно. Ядаргаанд ороод нойргүй болсон хүн хонины толгойг хуйхлаад, хярваслаад тунгалаг 5ыг тарьханд нь чихэж хийгээд наанаас нь махаар бөглөж битүү чанана. Шөлий нь ууж махыг нь идээд арьсыг нь нүүр нүдэн дээрээ тавиад унтахад маш их хөлөрч бие сайхан унтаж амардаг. Зүгээр хоолондоо хийгээд идэж ч болно. Хүүхдийн гэдэс дотор өвдөх, ханиалгасан үед өгөхөд хурдан эдгэнэ. Мөн чацаргана, үхрийн нүд, чихэр өвс байна. Жишээ нь эдгээрийг нэг аяга усанд хийж хутгаж ууна.

-Эмчилгээ бас ундаа болох юм байна тийм үү?

-Тогтмол уухад тийм л гэсэн үг. Цөсний эм. Цөс өтгөрсөн, цөсний хүүдий зузаарсан, дал руу нь хатгаж өвддөг, гэдэс дүүрдэг, цанхайдаг, баруун гар даагдахаа больсон хүмүүс хэрэглэнэ.

-Ямар найрлагатай вэ?

-Цөс өвс. Жамъянмядаг, сэржмядаг цэцэг, гишүүний үндэс, таван салааг зохист найруулгаар найруулсан тан. Хоол идэхээс 30 минутын өмнө 50-70 грамм бүлээн усанд хутгаж өглөө, орой 2 удаа ууна. Нэг курс нь 15 хоног. 30 хоногт дээрх бүх зовиур арилсан байна.

-Энэ халбаганы хэмжээг хуучны хэллэгээр юу гэх вэ?

-Нэг тун гэдэг. За тэгээд долоогоно, тэхийн шээгний жимс, халгай, цээний үндэс гээд олон нэр төрлийн эмийн ургамал байна.

-Энэ халгай ямар гоё ногооноороо байнаа?

-Халгайны ач тус их шүү гэж Шаравпэлжээ гуайн эхнэр Тамара ярианд оролцлоо. Манай хүн халгайг 4 хуруунаас дээш гарсан бол авдаггүй. Бүх юмыг зохих журмын дагуу хийдэг.

-Нөхрийнхөө тухай яриач, таны тус дэм ч бас их байдаг биз дээ?

-Миний нэмэр гэж юу байхав.Гэхдээ л хамт явж ургамлаа түүнэ, цэвэрлэнэ, хатааж нүдэх гээд ажил мундахгүй. Миний  нөхөр их хөдөлмөрч нэг л юм буруудвал болохгүй гэдэг тал дээр их анхаардаг. Хөдөө хээр явж байсан ч ядарлаа гэж хэлдэггүй маш их нямбай энэ ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүн дээ.

-Уул хад хээрээр явахад саад бэрхшээлтэй л байдаг биздээ?

-Өө гаралгүй яах вэ. Бороо шороо салхи шуурга, майханд хонож өнжих гээд олон л бэрхшээл гардаг. Гэвч энэ ажил манай өрхийн үйлдвэрлэл юм даа.

-Та урьд нь юу хийж байсан бэ?

-Би “Оргил” рашаан сувилалд гуч гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Таны чанасан цай өвөрмөц амттай сайхан үнэртэй байлаа?

-Тиймээ. Манай хүний найруулж гаргасан цайны идээ шүү дээ.

-Шаравпэлжээ гуай энэ цайны өвөрмөц амт юунд байна.

-Нохойн хошуу, тэхийн шээгний жимс, долоогоно, боролзгоны шар цэцэг, халгай, үхрийн нүдий навч, цээний үндэс, цайны хужир гэсэн 8 төрлийн байгалийн зэрлэг ургамалыг зохист харьцаатай найруулж найман гишүүн төгөлдөр цайны идээг гаргасан. Хэрэглэхдээ: нэг литр шар тостой хярам буцалгаад гаргахдаа амны халбагаар тал идээ хийж самарна. Идээ хийснээс хойш буцалгахгүй. Нэг аяга уугаад биений хөлс чийхарч удалгүй нойр хүрч унтана. Сэрэхэд давсаг чинэсэн байна. Энэ нь хаван хөөж байгаа юм. Бөөр, зүрх, хаван, ядаргаанд сайн.

-Та эмийн ургамлын зохист харьцаа гэж яриад байх юм тэр нь юу вэ ?                                  

-Зохист харьцаа гэж жор, тун юмаа.

-Эмийн ургамлаа ямар нөхцөлд яаж хатаах вэ гээд нарийн ажиллагаа бий биз?

-Тун нарийн. Бид зуслангийн байрандаа бэлтгэл ажлаа хийдэг.

-Янз бүрийн өвчин их л сонсогдох юм. Гадагш явж эмчлүүлж бас сүлжээгээр орж ирсэн бэлдмэлүүдийг их хэрэглэх болж. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувийн бодол гэвэл өөрсдийнхөө зан заншлыг орхигдуулснаас гадны сурталчилгаанд хэтэрхий автаад байна гэж боддог.

-Уламжлалт эмчилгээний эмнэлэг, эмийн сангуудад хандаж үзсэнэ үү?

-Тэд нар өөрсдөө эм тангаа хийдэг. Харин ургамлын солилцоо хийх тохиолдол байдаг.

-Тантай ижил эм тан барьдаг хүмүүс олон байдаг уу?

-Энэ чиглэлийнхэн цөөн их элбэг бишээ.

-Эмийн ургамал зардаг хүмүүс байдаг ч таны хийсэн шиг ийм сайхан цэвэрхэн бас нэг удаагийн хэрэглээгээр боловсруулаагүй зөвхөн ургамалаар нь зарж байдаг. Жишээ нь халгай гэхэд л гандмал өнгөтэй, хөгширсөн байдаг. Энэ нь цэвэр эрүүл газрынх биш бололтой?

-Эмийн ургамлыг цаг хугацаанд түүх, эмийн чанараа алдаагүй байх гэдэг их чухал.

 -Та түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Завхан, Архангай, Хэнтий, Сэлэнгэ ,Булган гээд л явж өгнө дөө.

-Хэдий үеэр явдаг вэ?

-Хавар 5 сарын сүүлээс 11 сар хүртлэх хугацаанд явдаг.

-Эмийн ургамлын олдоц хэр байдаг вэ? Таны аавийн тань үеийнхээс ховордсон байдаг болов уу?

-Өөрөө түүж л чадвал олдоцтой шүү. Түүнэ гэдэг л их ажил даа. Зөв түүх, зөв хатаах , орц тун тааруулах гээд чухалгүй юм байхгүй дээ.

-Таны хэрэглэгчид хэр олон байдаг вэ?

-Авдаг улс олон. Бие биенээсээ ам дамжин мэдэж хэрэглэдэг юм шиг санагддаг.

-Ер нь хэдий насны хүмүүс байна?

-Янз янз

-Тодруулбал

-Ихэвчлэн хижээл нахныхан байдаг.Сүүлий үед залуучууд авдаг болоод байгаа. Экзем, песероз гэх мэт арьсны харшилд сайн тос гаргасан нь энэ төрлийн өвчтэй хүмүүст эрэлттэй байаа-Энэ тосны орц найрлага нь юу байна вэ?

-зөвхөн малын цэвэр шар тосонд зэсийн бал шингээж бэрээмэг гэдэг ургамал хийж удаан хугацаанд хадгалж байж энэ тосны үйлчилгээ хүнд хүрдэг.

-Эм танг тань хэрэглээд эдгэрсэн хүн олон байдаг уу?

-олон байлгүй яах вэ. Тэднээс л ам дамжин миний тангийн эрэлт, хэрэгцээ өсдөг юм .

-Эм тангийн уламжлал тасарсан нь хэрэглээг холдуулж бас мэдэхгүйд хүргэв үү?

-Тиймээ ийм учраас л би удам дамжиж ирсэн эм тангийн ажлаа хийгээд яваа юм шүү дээ.Мэдэхээс   гадна зөв зохист хэрэглээ хэрэгтэй.

-Эрүүл мэндийн яамнаас эмийн ургамлын үйлдвэрлэлд анхаарал тавьсан юм байдаг уу?

-За би тэр талаар яръя. Эрүүл мэндийн яамнаас ардын эмчилгээний энэ чиглэлийг хөгжүүлэх тухай тогтоол гарсан байдаг. Тэр нь ажлын байр, тоног төхөөрөмж, савлагаа, хяналт шалгалт гээд олон шалгуур тавигддаг. Тэрийг нь бид дааж гарахын аргагүй.

-Тэгэхээр зөв зохистой хөгжүүлэх нийтэд дэлгэрүүлэх нь хязгаарлагдмал байдаг гэж ойлгож болох уу?

-Ардын оюун ухаанаар хэдэн зуун жилийн туршид амьдрал дунд бүтээгдэж, сүүлчийн 70 жилд зохиомол аргаар дарагдаж бас тасралтгүй хэрэглэгдсээр ирсэн эмийн ургамлын ач тусыг тоочивч баршгүй. Миний эцэг 50 иад оны үед нууцаар эм тан хийж олон түмэн хэрэглэж ач тусыг нь хүртэж явсныг би мэдэх юм.

-Үнэ хямд хэрэглэхэд хялбар үр дүн сайтай уламжлалт эм танг өргөн дэлгэр хэрэглэхэд саадтай юу байна гэж боддог вэ?

-Би Хятад, Солонгос, Энэтхэг, Хонгконгод очиж үзсэн. Бүхэл бүтэн эмийн ургамлын зах ажилладаг юм байна лээ. Гэтэл манайд борлуулах газар олдохгүй хөөж туух нь олонтоо байдаг. Эмийн ургамалд дотоод түүхий эд, гадаад түүхий эд гэж байдаг.

-Таны эм танг авсан хүн дахин цэвэрлэгээ хийх яаж хадгалах вэ гэдэгт санаа зовохгүй байдаг байх даа.

-Би эм тантайгаа хэрэглэх заавар, зориулалт, утасны дугаараа дагалдуулан өгдөг учраас хэрэглэгчтэйгээ байнга холбоотой байдаг.

-Та одоо хэд хүрч байна вэ?

-Би 70 нас хүрч байна.

-Далтай гэхэд ануухан сайхан харагдаж байна. Энэ мэдээж эмийн ургамлын гайхамшиг агаар салхинд явж байдгийн ач тус байх л даа?

-Тэгэлгүй яах вэ манайхан эм тангаа хэрэглээд заншчихсан даа.

-Сая бид хоёр зургаан давхарт гарахад би бараг танаас  илүү амьсгаадаад байгаа юм шиг санагдсан. Гэтэл та ёстой чөлөөтэй гарч ирлээ.(инээлдэв)

-Эмийн ургамал түүх явцад сонин содон тохиолдол гардаг болов уу?

-Нэг намар ойд баавгай ойр байгаа нь мэдэгдэж айдастай байсан. Тэр газрын ургамал нь хэрэгтэй байсан болохоор яваад л байлаа. Баавгай гэдэг амьтан үхэр шиг том том баас гаргадаг юм байна лээ. Би их айсан. Чамд ургамал хэрэгтэй бол би хэдэн хүүхэддээ хэрэгтэй намайг баавгайн идэш болгох гээгүй бол буцъя гэж байсан даа. Олны хэрэгцээнд хэрэгтэй ургамлаа авахын тулд буцаагүй гэж эхнэр Тамара нь дурсав.

-Та ард түмэндээ хэлэх зөвлөгөө байгаа л биз дээ?

-Өөрийн орны гар дор байгаа эмийн ургамлаа амьдралдаа ашиглан эрүүл саруул явах боломжтой. Жишээлбэл нохойн хошуу, тэхийн шээгийг хэрэглээд байхад олон өвчнөөс сэргийлдэг. Ардынхаа уламжлалт зан заншил руугаа хандаачээ. Битгий гадуурхаж үзээчээ. Ач тусыг нь мэдэрч үр дүнгий нь хүртээчээ л гэж хэлье.

-Бидний ярилцлага сайхан боллоо. Та хоёртоо баярлалаа. Ажил тань бүтэмжтэй сайхан байж, урт наслаж удаан жаргаарай. Баяртай

Ховор нандин хүмүүсийн амьдрал бас л нандин сайхан байна шүү. Хүн бүхэн ийм бол улс орны хөгжил ч юухан байхав дээ гэж бодсоор гэрийн зүг явлаа.

2016-10-23.

        Хэвлэлийн Хүрээлэнгийн 21 дэхь удаагийн Сэтгүүлзүйн дээд курсын оюутан Д.Оюунсайхан

                                                            

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн