Цаазын тавцан
2017-01-16 16:15:25.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Нүүрээ будаагүй цэвэрхэн царай, нямбайлан индүүдсэн цагаан халаад өмссөн эмч хүүхнийг Шүрээ гэнэ. Эмэгтэйчүүдийн эх баригчаар олон жил ажилласан туршлагатай. Түүний өөдөөс харан нүдэндээ нулимстай, яах учраа ололгүй сандран суух бүсгүй эмчийн хяналтад төрж байсан гэнэ. 12 цаг тасралтгүй өвдөж савны амсар нээгдээгүй болохоор хийсвэр хагалгаа хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэв. Алтан гартай эмчийн ачаар эх үр эсэн мэнд амаржаад жилийн нүүрийг үзжээ. Харин тэдний дараагийн уулзалт таагүй яриагаар эхэлсэн юм.

За охин минь, би чамайг ойрын гурван жилдээ жирэмсэлж болохгүй шүү гэж хэлсэн санагдаж байна. Бие чинь сул, дээр нь хүндрэлтэй, хийсвэрээр төрсөн болохоор хэмээн 30 орчим насны эмч эмэгтэй өмнөө суугаа бүсгүйд хэлнэ. Ороолтын үзүүрээ имрэн суусан залуухан эмэгтэй итгэл муутайхан ийн хариулна:

Эмчээ би дахиж төрмөөргүй байна. Айгаад... гээд толгойгоо доош гудайлган  санаа алдлаа.

Эмнэлгийн цэвэрхэн жижиг өрөө. Бүрхэг тэнгэрийн илч муутай нарны гэрэл эмчийн өрөөний цонхоор тусна. Өрөөгөөр дүүрэн хлорамин, эм тарианы сэнгэнэсэн үнэр үнэртэнэ.  Эмнэлгийг хүлээлгийн өрөөнд том гэдэстэй жирэмсэн эмэгтэй найзын хамтаар өөрийн дарааллыг хүлээж суугаа харагдана.

Алаг хорвоод “ Ээжээ” гэж дуудуулах алдар хүнд хүн бүрд тэгш заяадаггүй. Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг бол уг зураасыг баяртайгаар угтаж авах уу аль эсвэл гунигтайгаар үдэж явуулах уу? Яг энэ хоёр сонголтын дунд эмчийн өөдөөс горьдлого тээн харан суугаа бүсгүй. “Өвдөх болов уу эмчээ? Би нөхөртөө хэлсэн. Ярилцаад авахуулахаар шийдсэн юм. Тусдаа гарч амжаагүй, хадмындаа амьдардаг болохоор одоо дахиад хүүхэд төрүүлэх хэцүү санагдаж байна” гэх яриаг эмч тун нухацтай сонсож дотно найзууд шиг хоорондоо удаан ярилцлаа.

Үр хөндөлтийг хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтийг эхийн хүсэлтээр жирэмсний 10 дахь долоо хоногийг хүртэлх хугацаанд орчин үеийн вакум буюу соруулах үйл явц болон эмэгтэйчүүдийн эмнэлгээс уулгадаг тусгай эмийн аргаар ургийн гадагшлуулахыг үр хөндөлт буюу аборт гэнэ. Эхийн биед эрсдэлтэй, хүнд өвчтэй, тээж буй хүүхэд нь эрхтэн дутуу, гажигтай аль эсвэл амьгүйтсэн тохиолдолд 10 долоо хоногоос том болсон ургийг үр хөндөх аргаар авч болдог байна.

Тэд удаан ярилцсаны дараагаар Шүрээ эмч бүсгүйг дагуулан эхоны өрөөрүү орлоо. “Дөрвөн долоо хоногтой жирэмсэн байна. Бага сартай учир эм уусан нь дээр. Өвдөлт өгөх нь арай гайгүй байдаг юм. Чи гэхдээ дахиад сайн бодоорой.” Эмчийн хэлсэн үг түүнийг дахин гүн бодолд автуулав.

2015 онд Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 18,168 үр хөндөлт бүртгэгдсэн.  Үүний 13,164 тохиолдол нь Нийслэлд хийгдсэн үр хөндөлтийн тоо юм. Таван эмэгтэй тутмын нэг нь хэвлийдээ тээж байгаа нялх үрээ энэ хорвоод мэндлэх эрхийг хязгаарлаж байна гэсэн үг юм. Үр хөндөлтийн сүүдэрт олон хүндрэл нуугдаж байдаг. Тодруулбал: үргүйдэл, савны хавдар зэрэг эрсдэл үүсгэдэг гэнэ. Гэхдээ энэ нь тухайн эмчийн ур чадвраас болон аборт хийлгэсэн эхийн гам  сайн бариагүй, эмчилгээгээ ягштал хийгээгүйтэй мөн холбоотой байдаг байна. Ихэвчлэн умайн хүзүүний үрэвсэл нь үр хөндүүлсэн эмэгтэйчүүд өвчилдөг талаар эмч хэлсэн юм. Хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс үүссэн энэхүү асуудлыг аль талаас нь харахаас үр дүн нь өөр байж болох юм.

Хэсэг хугацаанд чимээгүй суусан бүсгүй: “ Би эм авъя, харин өвдөх болов уу? Дахиад хүүхэд гаргаад гэртэй суух болно. Хадмууд намайг хүүхэд гаргахаас өөр юм мэдэдгүй гэж хэлэх болно. Эмчээ, үнэ нь хэд билээ” гэж хариулаад цүнхнээсээ түрийвчээ гарган барив. “Үгүй дээ охин минь хүнээр хүн хийнэ гэдэг чинь агуу ажил байдаг юм. Чиний биеийн байдлыг харгалзан үзээд би эм уулгаж байгааг ойлгох хэрэгтэй.  Нөгөөдөр эмнэлэг дээр ирээд эход харуулаарай. Яг зааврын дагуу ууна шүү.” Эмч түүнд хоёр хайрцагтай эм өгөөд хэрхэн яаж хэрэглэх талаар зөвлөгөө өглөө.  

Бүсгүйг үүдэнд нөхөр нь бололтой өндөр нуруулаг залуу хүүхдээ тэврэн хүлээн зогсоно. Тэдэн лүүгээ дөхөж очоод тэрээр: “ эм авчихлаа, гэртэй очоод ярилцъя. Хүү өлсөж байгаа хэмээн ярьсаар эм тарианы үнэр сэнгэнэсэн жижиг өрөөг орхин гарлаа. Хүлээлгийн өрөөнд сууж байсан бие давхар эмэгтэй гадуур хувцсаа найздаа үлдээгээд хаалгаар гарах тэднийг  гайхсан шинжтэй  харсаар эмчийн өрөөрүү зөрөн оров.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны тав дугаар сарын тавны өдрийн 148 дугаар тушаалын хавсралтад “ Үр хөндөлтийг зохицуулах журам”-г баталжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн /32.1, 32.2 дугаар/ заалтад “ Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” үүнтэй холбоотой асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрддөг байна.

Үр хөндөлт хэмээх цаазын тавцанд хүрэхгүйн тулд хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд жирэмслэлтээс хамгаалах олон төрлийн аргуудаас сонгох боломжтой. Жишээ нь: бэлгэвч хэрэглэх, спираль буюу ерөндөг тавиулах, суулгац суулгах зэргээр хамгаалдаг талаар эмч хэлсэн юм. Аливаа асуудалд эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авснаар цаг, мөнгө, бие сэтгэлээрээ хохирол амсахгүй.

        Хэвлэлийн Хүрээлэнгийн 21 дэхь удаагийн Сэтгүүлзүйн дээд курсын оюутан Э.Одсүрэн

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн