ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ФОРУМ БОЛЛОО
2019-03-01 15:10:39.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” Үндэсний форумыг өчигдөр (2019.02.27) зохион байгууллаа.

Цахим технологийн дэвшлийн үр нөлөөгөөр өнөө цагт мэдээлэл хүлээн авах, дамжуулах, мэдээллийг бэлтгэх, түгээх үйл явц бүхлээрээ шинэчлэгдэн өөрчлөгдсөн. Энд олон сайн тал бий ч, зарим сөрөг үр дагавар тухайлбал, хуурамч, баримтгүй, өрөөсгөл, тодорхой ашиг сонирхлын зүгээс түгээсэн асар их мэдээлэл хэрэглэгчдэд хүрч байна. Тийм учраас мэдээллийг ялгаж таньдаг, шүүмжлэлтэйгээр ашигладаг, тухайн мэдээллийн эх сурвалжийг магадалж шалгадаг зан дадал бүхий хэрэглэгчийг төлөвшүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байгаа. Энэ нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хүрээнд хамаарах сэдэв юм.

Форумын зорилгын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээллийн тухай маш их ярьдаг боллоо. Хуурамч мэдээллээс гадна энэ цахим орчинд бидний өдөр тутамд хүлээж авч байгаа мэдээлэл дунд өөр бусад итгэл үнэмшилгүй, баримтгүй, туйлширсан, тодорхой ашиг сонирхлын зүгээс бэлтгэсэн асар их мэдээлэл түгээгдэж байна. Бид тэр бүрийг ялгаж чадаж байна уу. Бидний хүүхдүүд, ирээдүйг авч явах залуу хойч үе маань үүнийг мэдэж байна уу. Сургуульд зааж байна уу, багш нараас юуг сурч авч, юу орхигдож байна вэ гэх мэт олон асуудал эндээс урган гарна. Хамгийн чухал нь өнөөдөр бодлогын түвшинд ямар ажил хийх хэрэгтэй байгааг бид ярилцах хэлэлцэх цаг нь болсон” гэж хэлэв.

Форумд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын байгууллагын багш, судлаачдын төлөөлөл, боловсролын бодлого тодорхойлдог, хэрэгжүүлдэг байгууллага, соёлын байгууллагууд, иргэний нийгмийнхэн зэрэг олон талын оролцогчид хүрэлцэн ирсэн юм.

ХБНГУ-ын Дойче Велле Академийн Монголыг хариуцсан хөтөлбөрийн менежер Патрик Беннинг мөн энэхүү форумын үеэр "Дижитал цагаачлагч" хэмээх нэн сонирхолтой ойлголтыг тайлбарлав. Тэрбээр, “Дижитал цагаачлагч гэдэг нь цахим ертөнц бий болоход түүнд суралцан зохицож буй хүмүүсийг хэлнэ. Тэгвэл одоогийн залуучуудаас төрсөн хүүхдүүд нь "цагаачлагч" биш харин дижитал ертөнцийн хүүхдүүд юм. Дижитал ертөнц тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Би үргэлж нэг асуулт тавьдаг. “Дижитал цагаачлагчид” цахим ертөнцийг бүрэн ойлгож байна уу? Үүнийг ойлгож чадвал бид дараа үеийнхэндээ юу зааж сургах гээд байгаагаа олж харах байх” хэмээн хэллээ.

Мэдээллийн боловсролын тухайд, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүн бичиг үсэг тайлагдсаны дараагийн шатны боловсрол нь мэдээлэлтэй харьцах суурь боловсрол гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд хүн зөвхөн уншиж бичиж чаддаг байх нь хангалтгүй болсон. Өнөөдөр хүн мэдээлэлтэй яаж харьцаж байна, сошиал орчинд хэрхэн биеэ авч явж байна гэдэг нь тэр хүний төлөвшил, сахилга бат хэн гэдгийг нь тодорхойлох болсон. Олон нийт арилжааны сурталчилгааг хүртэл бодит мэдээллээс салгаж чадахгүй үнэн гэж хүлээж авдаг өнөө үед мэдээллийн суурь боловсролын асуудал маш чухал юм” гэлээ.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний анхдугаар форумаар хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх зорилго тавьжээ.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн